• Найман аймагт цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай бутлагч машинуудыг хүлээлгэн өглөө

    2019-11-12

    БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд Увс, Говь-Алтай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорноговь аймгуудад хуванцар хог бутлагч, овор хэмжээ ихтэй хог хаягдлын эзэлхүүнийг багасгах машиныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээлгэж өглөө.

    Бутлагч машин нь цагт 300 кг хуванцарыг бутлах хүчин чадалтай. Мөн овор хэмжээ багагсгагч нь 60 тоннын даралтаар цаас, хуванцар, гялгар уут, лааз, овор хэмжээ ихтэй хог хаягдлыг шахах хүчин чадалтай юм. Эдгээр машинаар буталж, овор хэмжээг нь багасгасан хогийг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хуванцар дахин боловсруулдаг үйлдвэрүүдийн түүхий болгон нийлүүлэх юм.

    Н.Цэрэнбат: Хог хаягдлыг ангилж, овор хэмжээг нь бууруулснаар тээвэрлэлтийн зардал багасна

    Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “БОАЖЯ-наас Хандлагаа өөрчилье багц ажлын хүрээнд хог хаягдлыг бууруулах чиглэлээр иргэдийн ухамсрыг өөрчлөх Цэвэрхэн шинэлцгээе, Цэвэрхэн наадацгаая, Хоггүй цэвэрхэн Монгол аянуудыг амжилттай зохион байгуулсан. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилхаас эхлээд овор хэмжээг нь бууруулж чадвал тээвэрлэлтийн зардал буухараас гадна дахин боловсруулалт нэмэгдэх юм. Тиймээс БОАЖЯ-ны зүгээс Хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд орон нутагт хуванцар сав нягтруулан шахах, бутлагч төхөөрөмж суурилуулж, хог хаягдлын зохистой менежментийг дэмжих төсөл зарласан. Улаанбаатарт хуванцар дахин боловсруулах 13 үйлдвэр жилд 30 мянган тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай ч түүхий эдийн дутагдлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чаддаггүй. Харин энэхүү машинуудыг 8 аймагт хүлээлгэж өгснөөр түүхий эд тодорхой хэмжээнд нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Нөгөөтэйгүүр иргэдийг хогоо ангилж хаях дадалд сургах томоохон түлхэц болно гэж тооцоолж байгаа юм” хэмээн ярилаа.

    Улаанбаатарт ус, ундааны сав дахин боловсруулах “Мог пластик”, “Од пластик”, “Сан-Оргиу”, “Пластик центр”, “Ганган-Анд”, “Жин хургуй”, “Ти Эм Эл” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ