Кени “Бүс ба зам”-ын зээлийн өрөндөө Хятадад гол боомтоо өгч магадгүй

2019-11-12

Кени улс Хятадаас авсан их хэмжээний өрнийхөө оронд  стратегийн ач холбогдол бүхий Момбаса боомтоо өгөхөд тун ойртлоо.

Хятадаас авсан мөнгөөрөө тэд улсынхаа нийслэлийг далайн боомт хот Момбасатай холбох 485 километр сунан үргэлжилсэн төмөр замыг барив. Нийт 3.6 тэрбум ам.доллараар боссон төмөр зам нь Кени улс тусгаар тогтнолоо олсноос хойшхи хийгдсэн хамгийн том бөгөөд үнэтэй дэд бүтцийн төсөл ажээ.

Кени улс энэ өрөө Хятадад төлж барагдуулж чадахгүйдээ тулбал, анхны санхүүжилтын гэрээнд заасны дагуу улсад хамгийн их ашиг орлогыг төвлөрүүлдэг Момбаса боомтыг Хятадууд хураан авах эрх бүрэн эрхтэй.

Далайн хотоос нийслэл рүү чиглэлтэй бараа, бүтээгдэхүүнй импорт, экспортыг хөнгөвчлөх зорилготой байгуулсан төмөр замынхаа оронд хэрвээ Момбаса боомтыг Хятадын талд өгвөл:

  1. Одоо тус боомтод ажиллаж, амьдралаа залгуулдаг хэдэн мянган Кенийн иргэд Хятад удирдлагын дор ажиллах болно
  2. Хятад улс өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд удирдлагад өөрчлөлт оруулна

Зүүн Африкийн Кени улсын нөхцөл байдал нь Хятадын “Бүс ба зам” санаачилгад нэгдэх нь ямар эрсдэлийг дагуулж болохыг дэлхий нийтээ, тэр дундаа дэд бүтцийн хөгжил муу хөгжил буурай улсуудад өгч буй анхааруулга гэжээ.

Кени улс Хятадаас хүрээнд их хэмжээний өр тавьсан Африкийн ганц улс биш

Хятадаас хамгийн ихээр мөнгө зээлдэгч бас нэгэн улс бол Уганда. Нийт 3 тэрбум орчим ам.долларын зээлийг улсын банкаар дамжуулан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлхээр зээлжээ. Уганда улсын Ерөнхий аудиторын гаргасан тоон баримтаас харвал 2017-2018 онд өрийн хэмжээ 9.1-11.1 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдсэн аж.

Өрийн тайланд Хятад улсыг онцлон дурьдаагүй боловч их хэмжээний зээл авахад тавигдсан нөхцөл, шаардлагын дагуу Үндэсний хөрөнгөд аюул учруулж байна хэмээсэн байна.

Харин Кени улсын хувьд 2000-2017 онуудын хооронд тавьсан өрийн хэмжээгээрээ Хятад улсад хамгийн их өртэй улсуудын жагсаалтын гуравдугаарт бичигддэг. Тус улс Хятадад нийт 9.8 тэрбум ам.долларын өртэй бөгөөд үүгээрээ дандаа дэд бүтцийн том, том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.

Мүүдиз Инвесторс Сервис (Moody’s Investors Service) олон улсын үнэлгээний байгууллагаас Хятадын “Бүс ба зам” санаачилгад улсууд нэгдэн оролцох нь өөрсдийн үнэт хөрөнгөө алдах өндөр эрсдэлтэй гэдгийг анхаруулжээ. Гэхдээ энэ нь зөвхөн өрөө төлж барагдуулж чадахгүйд хүрсэн тохиолдолд юм.

Ангол, Замби, Бүгд найрамдах ардчилсан Конго зэрэг байгалийн баялаг ихтэй улсууд эсвэл Кени зэрэг боомт, төмөр зам гэх мэт стратегийн ач холбогдолтой дэд бүтэцтэй улсууд нь Хятадтай зээлдэгчтэй хэлэлцээр хийх үедээ өөрсдийн үнэт хөрөнгөө барьцаанд тавих эрсдэл хамгийн их байдгийг ч мөн онцлон анхааруулжээ.

Хятадаас авсан өрнийхөө оронд өөрийн өмч хөрөнгөөсөө өгсний жишээ болох Шри Ланка улс

2017 оны арванхоёрдугаар сард Шри Ланка улс Хятадаас зээлсэн их хэмжээний өрөө төлж чадаагүйн улмаас мөн адил стратегийн ач холбогдолтой Хамбантота боомтоо хүлээлгэн өгөв . Өөрөөр хэлбэл, тус улсын Засгийн газар Хятадын Худалдааны боомт холдинг компанид хамгийн багадаа 99 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар хүлээлгэн өгчээ. Түрээслүүлэхээр хүлээлгэн өгөв гэж албан ёсны баримт бичиг дээр заасан боловч маш бага үнийн дүнтэй учраас ашиглуулсантай адил аж.

Ийнхүү Хятад улс өөрийн зээлдүүлсэн мөнгөөр боомт бариулж, эцэст нь тэр боомтоо өөрсдөө ашиглахаар болсон нь энэ юм.

Тухайн үед New York Times-д, Хятадын өрсөлдөгч Энэтхэг улсын эргээс хэдхэн зуун милийн зайд орших Шри Ланка улсын гол боомт болон газар нутгийг Хятадын мэдэлд шилжүүлэн өглөө хэмээн шүүмжилж байв.Энэ бол Хятад улсын бусад улсад зээл олгон, хариуд нь дэлхий даяар нөлөөллөө бий болгох гэсэн бодит жишээ хэмээн тус нийтлэлд онцолжээ.

Үүнээс гадна 2018 оны есдүгээр сард Замбиа улс өрнийхөө оронд Кеннет Каунда олон улсын нисэх буудлаа Хятадад өгсөн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ