• Хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох 20 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ

    Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулиудын гуравдахь хэлэлцүүлгийг хийсэн.

    Энэ үеэр С.Бямбацогт нарын гишүүдийн жил гаруйн өмнө гаргасан “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тухай”  тогтоолын төслийг дэмжлээ. Ингэснээр 2020 онд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүр сар бүр олгодог 20 мянган төгрөгийг авах боломжтой болно гэсэн үг юм.

    Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрт хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү чиглүүлж, бүх хүүхдийн 60 хувьд олгохоор тохирсон. Улмаар хөтөлбөр хэрэгжих явцад 80 хувьд нь олгохоор болж, өнгөрсөн зургадугаар сараас энэхүү арга хэмжээ хэрэгжиж байгаа билээ. Тэгвэл хүсэлт гаргасан хүүхдийн тоог нарийвчлан гаргасан тооцоо судалгааг үндэслэн ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болж, шаардлагатай санхүүжилтийг төсөвт суулгажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгээс тодруулахад “Одоо нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгож байгаа. Ирэх онд хүсэлт гаргасан хүүхэд бүрт гэхээр ойролцоогоор 90 орчим хувь нь гэж тооцвол  20 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг 2020 оны төсөвт суулгасан” гэлээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ