С.Баярт: МАНАН шошго бишээ, бодит байдал чинь

Э.Бат-Үүлийн идэвх сүүлийн үед ихэд сэргэсэн. Намынхаа ҮБХ-ны хуралд очоод, нийтлэлээ бичээд л. Тэрбээр өчигдөр “Төрийн тэргүүн, төрийн эргэлтийг яагаад дэмжээд байгаа юм бол?!” хэмээх нийтлэл бичжээ. “Монголын үндэсний фронт”-ын цуглаан жагсаалыг эсэргүүцсэн уг нийтлэлд Ерөнхийлөгч Х.Баттулгыг хамаатуулахаас гадна МАНАН-гийн тухай ч бичсэн аж.

Харин түүний бичсэнийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан дэмжиж жиргэсэн бол  харин Ерөнхий сайд асан С.Баяр эсэргүүцлээ.

С.Баяр “МАНАН гэх шошго хаддаг зан Бат-Үүл нараас салахгүй нь. НЭ, ХБ, ЗЭ…бүгд л МАНАН-д орно, дараа нь тэмцэнэ. Хоёр том нам хамтраад хулгай луйвар хийж, хуулийг “гуулилж” байгаа бол буруу. Харин 1992 он шиг хамтаар Үндсэн хууль баталж, 2009 он шиг эдийн засгаа өөд татахад буруу юу бн? Хэлбэр нэг. Агуулга зорилго өөр” хэмээн жиргэж улмаар цааш нь “Намууд өрсөлдөх ёстой. Өрсөлдөөнөөс зөв бодлого төрдөг. Гэхдээ дайны үед (Их Британи 1940-д онд), хямрал нүүрлэхэд (АНУ 2008 онд), гамшиг тохиолдоход (Япон 2012 онд) намууд өрсөлдөөнөө орхиж хамтаараа шийддэг эерэг жишээ бий. Тиймээс МАНАН хоёр талтай. Агуулга, зорилгоос бүх юм хамаарна” хэмээж байх юм.

Харин тэдний бичиж буйг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Мөн  “Ц.Элбэгдорж, М.Энхболд, Худалдаа хөгжлийн банк болон хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудын бий болгосон МАНАН нэг өөр, хэн нь ч олонх болоогүй учраас хүссэн хүсээгүй бий болсон хамтарсан засгийн МАНАН бас нэг өөр гэдгийг Та сайн мэдэж байгаа” гэх хүн ч бас байна.

Бүр “Хоолоо чамласан хэсэг нь эрх барьж байгаа талаа МАНАН гэж байгаа. Үндсэн хууль, сонгуулийн хуулиа өөрчлөхгүй бол МАНАН чинь байсаар л байна” гэж байгаа ч хүн байна . Тэгвэл МАНАН гэдэг С.Баярын хэлж байгаа шиг шошго уу. Үгүй л дээ. С.Баярын хэлж байгаагаар НЭ буюу Н.Энхбаяр, ХБ буюу Х.Баттулга, ЗЭ буюу З.Энхболд нар бүгд МАНАН-д орох аж. Гэхдээ тодотгох зүйл байна.  Н.Энхбаяр албан тушаалын хойноос 2004 онд тухайн үеийн МАХН, АН-ын хамтарсан засгийг байгуулж өөрөө УИХ-ын дарга болсноороо МАНАН-гийн суурийг тавьсан.Түүний дэглэлтээр АН-ынхан 30 хэдүүлээ МАХН-ын УИХ дахь бүлэгт элсэж “тэлээ хурганууд” хэмээн өхөөрдүүлж явсан билээ. Тэр үед Э.Бат-Үүл, М.Энхсайхан нар уг бүлэгт оролгүй эсэргүүцэж гадна нь явсан бас үнэн.

Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Н.Энхбаяр тэр намраас хойш “МАНАН” хэмээх асуудлыг анх гарган тавьж билээ. Тэгэхдээ  өөрт нь “Авлигын загалмайлсан эцэг” гэх нэр хайрласан М.Энхсайханы хамт тийнхүү МАНАН-гийн эсрэг мэнэнтэж байлаа. Яг тэр цаг үед л МАНАН үнэхээр бий болж, түүнийг анзаарахаас аргагүйд хүрсэн хэрэг юм.

Оюутолгойн гэрээг байгуулах гэрээнд хатуу хандаж байсан Н.Энхбаярыг хүний өөрийнгүй нийлж байгаад унагаж Ц.Элбэгдоржийг гаргаснаараа С.Баяр МАНАН-гийн зохион байгуулагч, эцэг нь мөн.Ингээд Оюутолгойн гэрээ хийгдэв. С.Баяр ч улстөрөөс явж одов.

Харин тэрбээр байхдаа эн тэнцүү харилцаж, хазаарлаж чаддаг байсан Ц.Элбэгдорж одоо өөрийгөө “хаан”-д  тооцох болов. Ингээд л МАНАН гаарч, Элбэгээгийн баг бүхэнд хошуу дүрж, хуулийн байгууллагуудыг өөрийнжүүлэв. Ингэж л МАНАН дийлдэхээ больсон хэрэг. Гэвч тооцоо буруудаж М.Энхболд МАНАН-гийн жолоо цулбуурыг тавьж алдсан.

Тэгэхээр МАНАН бол шошго биш юмаа, харин бодит байдал чинь бол мөн, С.Баяр аа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ