Б.Баасандорж: Сонгуулиар нэг хүн олон санал өгөх боломжгүй

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын ажилтай танилцлаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газар Сонгуулийн тухай хуулийн дагуу Сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргадаг билээ. Одоогийн байдлаар иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд сонгуулийн насны 2 сая 111 мянга 842 иргэн байна. 2017 оны сонгуулиар нэг хаяг дээр 20-30 хүн бүртгэсэн, адилхан овог нэр, регистрийн дугаартай, нас барсан хүнийг иргэний бүртгэлээс хасаагүй зэрэг асуудал гарчээ. Тиймээс улсын бүртгэлийн хаягийн сангаа өөрчлөх шаардлагатай гэдгийг УБЕГ-ын дарга Б.Баасандорж хэлж байв.

2018 оноос хэрэгжиж эхэлсэн Улсын бүртгэлийн багц хуульд иргэд биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр сонгууль өгөх асуудлыг нарийвчлан тусгажээ. Ингэснээр нэг хүн олон санал өгөх боломжгүй юм.  Мөн регистрийн дугаарын сүүлийн 2 орноос бусад нь адилхан буюу овог нэр, төрсөн он, сар өдөр нь ижил давхцаж болзошгүй 2200 гаруй иргэн бий. Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оноос 150 сая гаруй хуудсыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Ингэснээр тус цахим архиваас иргэдийн мэдээллийг шуурхай харах боломжтой гэдгийг УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан хэллээ.

Харин нэг хаяг дээр олон хүн бүртгэлтэй байна гэх гомдлын тухайд иргэд www.burtgel.mn хаяг руу орж өөрсдийн хаягаа шалган, зөрчил гарсан тохиолдолд УБЕГ-т мэдээлж, залруулах боломжтой аж.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт УБЕГ-ын удирдлагуудыг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналаа албан бичгээр ирүүлэхийг сануулсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ