МАН: АН-аас Үндсэн хуульд тусгуулахаар оруулж ирсэн гурван саналын хоёрыг дэмжээд байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн  ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор АН-аас тавьж буй гурван саналыг нэг бүрчлэн хэлэлцсэн ажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 6 дугаар сарын 12-ноос хойш ярьж буй бөгөөд УИХ-аас 10 сард гуравдугаар хэлэлцүүлэгт оруулахаар шийдсэн.

МАН-ын бүлгээс энэ долоо хоногт гуравдугаар хэлэлцүүлгийг явуулж дуусгах, гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн нэмэлтийг батлахаар 100 хувийн саналаар тогтсон хэмээн тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.

АН-аас  Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх, Засгийн газрын гишүүдээ томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг өөрөө шийдвэрлэнэ гэсэн заалтыг нэмэхээр зөвшилцөж буй. Энэ заалтыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжжээ.

АН-ын санал болгож буй хоёр дахь өөрчлөлт нь сонгуулийн холимог тогтолцоотой болгох тухай юм.  Энэ асуудлыг бүлэг мөн дэмжлээ. Гэхдээ холимог тогтолцоог 2024 оноос хэрэгжүүлнэ хэмээн тогтсон байна. Энэ тохиролцооны талаар хэвлэл мэдээллийнхэн нэлээд эртнээс мэдээлж эхэлсэн.

Гуравдугаарт Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналд эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд өнөөдөр маргааш зөвшилцлийн ажлын хэсэг дээр дахин ярих нь зүйтэй гэж үзсэн байна.

Шаардлагатай гэвэл дахин бүлгээр асуудлыг хэлэлцэхээр нээлттэй үлдээсэн байна. Гэхдээ үүнийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй байгаа. Тиймээс АН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсоны хувьд тус намынхан Х.Баттулгатай ярилцаж байгаа гэлцэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ