• Б.Сүхбаатар:Газраа орон сууцаар сольсон иргэдийг шууд байранд оруулна

    2019-11-11

    “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-иас газрыг орон сууцаар солих зарчмаар гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах төслийг танилцуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

    Тодруулбал, нийт 24 байршилд иргэд нэгдэн, хамгийн багадаа 4 га газрыг чөлөөлвөл төсөлд хамрагдах боломжтой юм байна.

    Нийслэлийн 5 дэд төв, Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан баталгаажуулах төслийн 19 байршил гээд нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт амьдарч буй иргэд төсөлд хамрагдах боломжтой юм байна. “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Эдгээр иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой. Нөгөө талаас газар орж буй орон сууцны үнээс давсан тохиолдол бас гарч болно. Энэ тохиолдолд мөн иргэнтэй гэрээ хийгээд 1-2 жилийн хугацаанд зөрүүг төлөхөөр төлөвлөж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд иргэд итгэл алдарсан байгаа учраас газраа чөлөөлсөн тохиолдолд шууд бэлэн байранд ороод явах зарчим баримтална”гэв.

    Газраа орон сууцаар солих байршлууд:
    1. Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
    2. Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв,
    3. Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв,
    4. Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв
    5. Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв,
    6. Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол,
    7. Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан ,
    8. Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол,
    9. Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос Хууль сахиулах их сургууль орчим,
    10. Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай,
    11. Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай багтаж байна. Гэхдээ энэ хорооны бүх нутаг хамрахгүй дэд төвд холбогдох боломжтой хэсэгт л хамаарах юм.

    Зах зээлд 40 орчим тэрбум төгрөгийн орон сууц бэлэн байгаа бөгөөд Буянт-Ухаа II орон сууцнаас эхлээд дахин төлөвлөлтийн орон сууцуудад орох боломжтой  юм байна. Одоогоор 390 бэлэн байр байгаа ажээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ