К.Манлай: Ц.Элбэгдорж нар БНСУ-ын иргэнээс 3 сая доллар залилж авсан

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнийг залилан мэхлэх замаар 3 сая ам.доллар авч, мөн сонгуулийн сурталчилгаандаа 700.000$ -ын хандив нэхэж авсан ноцтой баримтыг өмгөөлөгч К.Манлай дэлгэлээ.

К.Манлай “Миний энд ирсэн гол шалтгаан гэвэл би солонгосын иргэн Ү Так Куан гэж хүний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ хүн маань өнөөдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуралд оролцож чадсангүй.

Энэ хүнд юу тохиолдсон гэхээр, Ү Так Куан нь 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УЕП Д.Жаргалсайхан нарт өргөдөл гаргасан.

Энэ өргөдлийн гол утга нь “Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Зөвлөх П.Пүрэвсүрэн, Монгол улсаас БНСУ-д суух элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхээ нарын төрийн өндөр аобан тушаалтнуудад 3 сая ам.долларыг залилуулж алдсан. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулна гэж 700 мянган ам.долларыг надаас авсан юм. Энэ хэрэг шийдэгдэхгүй байна” гэсэн утгатай.

Яагаад ингэж оройтож хандаж байгаа юм гэхээр Монгол улсад төр цаг одоо л эргэлээ гэж үзэж байна. Өмнө нь өгсөн өргөдөо гомдол огт шийдэгдээгүй. Ямар нэг байдлаар дарагдаж өнгөрсөн гэсэн асуудлыг тайлбарласан.

Энэ хэргийн гол утга нь хохирогч 2011 онд өөрийн санаачилгаар 1 сая ам.доллараар хотын гэр хорооллын айлуудын шалны халаалтыг суулгасан. Тэгж явж байхад нь солонгостоо Ү Жэ Мү хэмээх шалны халаалтын үйлдвэртэй солонгос хүн нь БНСУ-д Монгол улсыг төлөөлдөг Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхээтэй танил гээд таныг энэ хүнтэй танилцуулаад өгье, тантай танилцахыг хүсч байна гэсэн байдаг.

Энэ саналынх нь дагуу Ж.Сүхээ, Пүрэвсүрэн, П.Цагаан нартай танилцаж уулзуулсан. Тэгэхэд та бол Монгол улсад маш сайн үйл ажиллагаа явууллаа гээд үүний чинь хариуд бид танд 10 сая ам.долларын үнэтэй алтны үндсэн ордыг 5 сая ам.доллараар өгье, та худалдаж аваач хэмээх санал тавьсан. Уг саналыг нь бизнесийн хувьд ашигтай санал гэж үзээд, гэрээ байгуулж 3 сая ам.долларыг шилжүүлсэн байдаг юм.

Ингээд тэр лицензийг аваад 400 гаран мянган ам.долларын хайгуул хийгээд нөөц бол худлаа батлагдсан байна, энэ бол ямар нэг алтны орд биш байна гэдэг тогтоогдсоны дараа 2011 оны 11 дүгээр сард ЦЕГ, ТЕГ хоёрт гомдол гаргасан байдаг юм. Үүнээс гадна 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах нэг сая ам.доллар нэхсэнийх нь хариуд надад нэг сая алга аа 700 мянгыг өгье гээд өгч байсан юм билээ. Миний яриад байгаа эдгээр фактууд бүгд баримттай. Бичгийн болон видео, аудио бичлэгтэй. Тэгээд УМБГ, Нийслэлийн прокурорын газраас энэ хэргүүдийг удаа дараа хууль бусаар хэрэгсэхгүй болгож, хохироож байсан юм билээ” гэж байв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ