Д.Одбаяр мэдүүлэг өгөхөөр БНСУ-д очжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Индонезид болох Олон улсын хуралд оролцохооор аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэгт холбогдож дэлхийгээр нэг шуугиулсан.

Түүгээр ч тогтохгүй Д.Одбаяр нь тус нислэгийн багийн гишүүн монгол ажилтнуудыг хэл амаар доромжилж, заналхийлсэн учир давхар хариуцлагад татаж байгаагаа БНСУ-ын Инчёон хотын прокурорууд мэдэгдээд байв.

Харин өнөөдөр Д.Одбаяр мэдүүлэг өгөхөөр Инчёонд ирсэн гэдгийг БНСУ-ын хэвлэлүүд мэдээллээ. Д.Одбаярын нислэг орон нутгийн цагаар 09:20 цагт Инчёонд газардах хуваарьтай байсан ч нислэг нэг цаг 30 минутын өмнө газардсан аж.

Д.Одбаяраас гадна түүнтэй хамт явсан монгол иргэн өөр нэг үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэж буруутгасан байдаг. Харин Д.Одбаяр өөрийнх арын суудал сууж явсан монгол хүн ёс зүйгүй үйлдэл гаргасан, тэр хүнтэй андуурч байна гэсэн. Монгол Улсын талаас түүнийг дипломат эрхтэй нь үнэн, дипломат халдашгүй эрх нь олон улсын хуулиар зохицуулагддаг гэсэн байр суурийг илэрхийлээд буй.

Уг хэрэгтэй холбоотойгоор Инчёоны цагдаагийн газраас хохирогч гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед маш “муухай” байдалд орж, айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлж дахин шуугиан дэгдээсэн.

Тиймээс Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаярыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдээд байв.

БНСУ-ын Бэлгийн хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жил хорих эсвэл 15 сая хүртэлх воны торгууль төлөх шийтгэлтэй байдаг гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ