• МХЕГ-аас “ХҮННҮ ЭЙР”-ийг зориулалтын бус тоног төхөөрөмж ашигласан, ХАБ мөрдүүлээгүй зэргээс болж  осол гарсан  гэх дүгнэлт гарчээ

    2019-11-05

    “ХҮННҮ ЭЙР” ХХК-ийн  газрын техникийн үйлчилгээний ажилтан М  нь ухаангүй 22 хоног болж байна.  Энэ хугацаанд тус компани болон холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээгээгүй байсаар өдийг хүрлээ. Монгол Улсын онцгой бүсэд гарсан энэхүү ажлын байрны осол ганц “ХҮННҮ ЭЙР”-тэй ч холбоотой биш юм. ЗТХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газар ч шууд хамааралтай болох мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ .

    Ажилтнаа зориулалтын техник тоног төхөөрөмжөөр хангаагүй, хөдөлмөр аюулгүйн байдал мөрдүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлсэн  нь “ХҮННҮ ЭЙР”  боловч тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой, олон улсад мөрдөгддөг дүрэм стандартыг мөрдүүлэх үүрэгтэй ИНЕГ  нь хийх ёстой ажлаа хийгээгүй нь осол гаргах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Тодруулбал, иргэний нисэхийн олон улсын дүрэм, стандарт онгоцыг зориулалтын агуулах буюу ангаарт хийх ёстой гэснийг ИНЕГ “ХҮННҮ ЭЙР” компани дээр мөрдүүлээгүй.  Осол гарснаас хойш өнөөг хүртэл тус компани онгоцоо хучсаар л байгаа. Энэ мэт алдаа дутагдлаа засаж залруулахын оронд дээрх хоёр байгууллагын аль, аль нь хариуцлагаас мултрахыг оролдож байна. ИНЕГ ослыг авиа компанийн буруу болгох гэж байгаа бол “ХҮННҮ ЭЙР” тархиндаа хүнд гэмтэл аван ухаангүй 22 хонож байгаа ажилтныхаа буруу болгохоор бэлдсэн байдаг.

    Энэ талаар  тус компанийн  үйлдвэрлэлийн осол,  гэмтлийн талаар судалж бүртгэсэн актан дээр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын байдал хүнд, тархины гэмтэлтэй, үйлдвэрлэлийн осол гарахад  хүргэсэн шалтгаан, хүчин зүйл нь хальтирч, хөл алдсан гэж үзэн ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөрдөөгүй, тусгай хамгаалалтын хэрэгсэл, зориулалтын тоног төхөөрөмж ашиглаагүй”  гэж комиссын гишүүд дүгнэлт гарган гарын үсэг зуран тамгалжээ.

    Тусгай хамгаалалтын хэрэгсэл гэдэгт аюулгүйн бүс, каска  зэрэг орно. Хохирогч М болон хамт ээлжинд гарч байсан ажилтан нарын хэнийг нь ч эдгээр зүйлсээр хангаагүй байсан.

    Зориулалтын тоног төхөөрөмж гэдэг нь сунадаг шаттай машин байж таарна. “ХҮННҮ ЭЙР”-ийн ажилчид онгоцонд катеринг хийдэг машин дээр нэгнээ хөлдөж гаргах, доороос нь тосож буулган онгоцыг хучдаг байсан. Осол гарснаас хойш  долоо хоногийн дараа холбогдох байгууллагаас тус компанид хийсэн шалгалтад зориулан каска, хамгаалалтын бүс зэргийг худалдаж аван, зориулалтын машиныг ИНЕГ-ын автобаазаас түрээсээр аваад урьдчилан бэлдчихсэн.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн сарын 30-нд гаргасан актад “ХҮННҮ ЭЙР”-ийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн утга бүхий дүгнэлтийг үйлджээ. Харин МХЕГ-аас дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг залруулж “Үйлдвэрийн осол гаргахад хүргэсэн шалтгаан, хүчин зүйл нь зориулалтын бус тоног төхөөрөмж ашигласан, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл ашиглаагүйгээс унаж гэмтсэн” байна гэжээ.

    Хэрэв ар гэрийнхэн нь хэл ам хийж тэмцээгүй байсан бол хохирогчийг буруутгаад өнгөрөх байв. Төрийн байгууллага нь шат шатандаа нуун дарагдуулж байгаа уг мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд ил болгосноор хохирогч М-тэй хамт ажилладаг залуус ямартай ч зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан. Гэхдээ “ХҮННҮ ЭЙР” онгоцоо хучсаар байгаа нөхцөлд онгоцны аюулгүй байдал, ажилчдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирсан хэвээр байна.

    Хохирогч ГССҮТ-ийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээгээ авсан бөгөөд одоо ухаан орохыг нь хүлээ  гэж ар гэрийнхэнд нь хэлжээ. Хохирогч М нь тархиндаа хүнд гэмтэл авсанаас гадна дал, хавирга нь хугарч, дотор эрхтэнгүүд нь хүнд гэмтсэн байна . Тиймээс хариуцлага алдсан албан тушаалтанд яаралтай арга хэмжээ авахыг, өнөөг хүртэл олон улсын дүрэм, стандартаа мөрдөхгүй байгаа “ХҮННҮ ЭЙР” болон ИНЕГ-ын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэж ар гэрийнхэн хүсэж байгаа юм.

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ