С.Баярцогт:”Оюутолгой”-н гэрээний талаар олон нийт,шийдвэр гаргагчдыг соён гэгээрүүлэх зорилготой боть номоо хэвлүүлсэн

“Оюутолгой” гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан тухайн үед Монгол улсыг төлөөлж гарын үсэг зурсан сайдуудын нэг, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт боть номоо хэвлүүлжээ.

Оюутолгой боть эмхэтгэл нь Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтаас бүрдсэн нийт 500 гаруй хуудастай. Click To Tweet

Тэрээр боть номоо хэвлүүлэх болсон нь дараах 5 шалтгаантай гэлээ:

  1. 2018 онд АТГ-аас надад гэрээтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж,  73 хоонг хорьсон. Гэрээн дээрх Монголд ашигтай нэг заал, үр өгөөжийг нь 443 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээ хоёрыг үндэслэж хорьсон. Надад тухайн үед хууль хүчний байгууллагууд маань гэрээний хууль, заалтыг ойлгохгүй байна гэж бодогдсон.
  2. АТГ энэ хэрэгтэй холбоотой банк, МУИС-ийн хуулийн багш нар, Аудитын компани, ТЕГ –ын байцаагч нараас бүрдсэн дөрвөн хэсэг шинжээчдийг томилсон. Гэрээний хэрэгжилтийг хангах ёстой байсан ТЕГ-ын таван байцаагчаас бүрдсэн шинжээчид олон хууль зөрчиж, хохирол учруулсан гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ үед гэрээний хэрэгжилтийг хангах ёстой байсан төрийн албан хаагчид маань мөн мэдлэг, мэдээлэлгүй байна гэж бодогдож байсан.
  3. Т.Аюурсайхан гишүүн Үндсэн хуулийг хэлэлцэж байх явцад шинжээчдийн дүгнэлтийг ноцтой гэж гарган тавьж, түүндээ итгэчихсэн байсан. Тэгэхэд шийдвэр гаргагчид маань буруу мэдээлэлтэй, шууд үнэмшээд, шийдвэр гаргах эрсдэлтэй гэж үзсэн.
  4. ТЕГ-ын таван шинжээчийн гаргасан дүгнэлтээр 41 зүйлийг хөндсөн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 33 заалт, хувь оруулагчийн гэрээний найман заалтыг авч үзсэнийг нягталж үзэхэд 97 хувь нь алдаатай байсан. Хуулийн зүйл, заалт дээр үг үсэг нэмсэн, огт хамааралгүй зүйл заалтаар тайлбарласан. Мөн Монгол, Англи орчуулгын алдаатай дүгнэлт гаргасан. Энэ маягаар маш их алдаатай дүгнэлт гаргаснаар үүнийг нь үндэслэж шүүх шийдвэр гаргачихвал бид Оюутолгой төслөөс авч болох олон төрлийн татвараа авч чадахгүйд хүрнэ.
  5. Зарим улстөрчдийн зүгээс Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүд арван жилийн турш нууц байсан гэсэн мэдэгдэл, ном зохиол бичиж иргэдийг төөрөгдүүлэх сурталчилгаа хийж байна.

УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Тийм учраас энэ таван шалтгаантайгаар нэгдүгээрт Оюутолгойн гэрээний талаар олон нийтийг соён гэгэрүүлэх, хоёрдугаарт шийдвэр гаргагчдыг бодитой мэдээллээр хангах зорилгоор боть номоо хэвлүүлсэн” хэмээлээ.

Товхимолд дараах гэрээнүүд Англи,Монгол хэлнээ багтжээ:

  1. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ
  2. Хувь нийлүүлэгчийн гэрээ
  3. 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ
  4. 2011 онд шинээр байгуулсан хувьцааг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр борлуулахгүй байх

Мөн тухайн үед буюу гэрээг хийж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан гол зургаан хуулиас гадна УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоол, Оюутолгой гэрээ зурагдахаас өмнөх хийгдсэн наймдугаар сарын ээлжит бус чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэл, ирц, өгсөн санал зэргийг багтаасан аж.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн асан С.Баярцогт “Бид нар өөрсдөө энэ гэрээгээ уншихгүй, судлахгүй байж гэрээ хэрэгжүүлэх явцад үүсч байгаа зөрчлийг дандаа гэрээ лүүгээ авчирдаг. Тийм учраас гэрээний зохицуулалт болоод гэрээ хэрэгжүүлэлт бол тусдаа зүйл” гэж онцолж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ