Эх сурвалж: mspoweruser

Дэлхийн технологийн тэргүүлэгч компаниудын нэг Майкрософтын Япон дахь салбар өнгөрсөн наймдугаар сард ажилчдынхаа дунд нэгэн сонирхолтой туршилтыг явуулжээ. Туршилтанд нийт 2300 орчим ажилчид оролцсон бөгөөд тав дахь өдөр болгоныг амралтын өдөр болгожээ. Ингэснээр ажлын дөрөв харин амралтын гурван өдөртэй болов.
Туршилтын дүнд, ажилчдын чөлөө авалт 25.4 хувиар, хэвлэлтэд ашигласан бичгийн цаас 58.7 хувиар мөн цахилгаан зарцуулалт 23.1 хувиар багасжээ.
Харин эсрэгэрээ ажилчдын бүтээмж 39.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарав. Хэдий ажилчид ажлын байран дээр өмнөхөөсөө бага хугацааг өнгөрүүлсэн боловч өмнөхөөсөө ч илүү ажлыг хийж амжуулсан байна.
Технологийн тэргүүлэгч компани болох Майкрософт нь хөдөлмөрийн бүтээмжийн төвшинг эн тэргүүнд тавьдаг. Тиймдээ ч тус компанийн Япон дахь салбараас ажлын цагийг багасгах нь эргээд бүтээмжийг нэмэгдүүлдэг болох таамгийг дэвшүүлээд байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.