• Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 98 охин “Үжин” төвийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагджээ

    2019-11-01

    2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр “Хүүхдийн эрх хамгаалах” ТББ-ын дэргэд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалан байршуулж, урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг  “Үжин төв” үүд хаалгаа нээж байв. Харин өнөөдөр “Үжин төв”-ийн нэг жилийн ой тохиолоо.

    Энэ төвд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон, эрсдэлийн төвшин өндөртэй буюу амиа хорлох оролдлого удаа дараа гаргадаг, хүүхдийн тусламжийн утас 108 төвийн түр хамгаалах байранд 3-7 хоногийн үйлчилгээ авсан хүүхдүүд ирдэг.

    Нэг жилийн хугацаанд 5-16 насны 98 охидод урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлжээ.

    Нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар“Үжин төв”- ийг үүсгэн байгуулагч Д.Ундраа ” Нэг жилийн хугацаанд 98 охид нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдсанаас хамгийн бага нь ээжтэйгээ хамт ирж байсан таван настай охин . “Үжин төв”-ийн хувьд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидуудыг түр хамгаалан байрлуулж, урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Хамгийн багадаа гурван сараас нэг жилийн хугацаанд байрлуулж нийгэм, сэтгэл зүй, хууль эрх зүйн, өмгөөллийн, халамж, эрүүл мэнд, боловсролын зэрэг 10 төрлийн үйлчилгээг үзүүлж байна” хэмээн ярилаа.

    Нэг жилийн ойн дээрээ бэлгийн хүчирхийлэлд өртөн жирэмсэлсэн, мөн хөгжлийн бэрхшээлтэй охидыг нөхөн сэргээх хоёр дахь салбараа нээн эхнийхээ үйлчлүүлэгчийн авч эхэлжээ.

    Зөвхөн охид ч бэлгийн хүчирхийлэлд өртдөггүй. Жишээлбэл, 2018 онд Хүний эрхийн комиссоос мэдээлснээр 12 эрэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Гэвч хөвгүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд урт хугацаанд нөхөн сэргээх үйлчилгээний төв байхгүй. Тэгвэл “Үжин төв” нэг жилийн ойгоо тохиолдуулан гурав дахь салбараа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хөвгүүдийг түр хамгаалах байршуулах, урт хугацаанд нөхөн сэргээх төвийг Дорноговь аймгийн Сайншанд хотод энэ сарын 20-ны дотор нээхээр төлөвлөн ажиллаж байна.

    Мөн тэрээр,

    “Орон байрны хувьд хүрэлцээ муу, ердөө 15 ортой учир хөвгүүд нөхөн сэргээх эмчилгээнд байрлан хамрагдах боломжгүй байдаг. Тийм  учраас одоогоор гадуур хоёр хүүхэд үйлчилгээнд хамрагдаж байна” хэмээлээ.

    Манай улсын хүн амын 1.1 сая нь хүүхдүүд. 2018 онд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн нийт хүчирхийллийн 7.5%-ийг бэлгийн хүчирхийлэл эзэлж буй.

    Харин тэдгээрийн 4.6 хувь нь эрэгтэй, 94.4 хувь нь охид байжээ. 

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ