• “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэн, Ц.Элбэгдоржийн найз Б.Отгонбаатар нарыг 30 хоног хорьжээ

    Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч гол эх үүсвэрүүдийн нэг байсаар ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг сааж амьдардаг хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан үе үе саатуулан шалгадаг.

    Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа садангийн дүү “саятан” хэмээх Ж.Мягмаржаргалын эзэмшлийн “Хенлон лимитед” компанид ган бөмбөлөг шахах боломж олгосон хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноож байсан ч Дээд шүүх цагаатгаж байсан билээ.

    Тэгвэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг “саасан” байж болзошгүй хэрэгт холбогдуулан хоёр хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн мягмар гарагт хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гэр, ажлын байранд нь нэгжлэг хийгээд 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ.

    Нэг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн аж. Түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.

    Харин нөгөө нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн найз, нэгэн компанийн захирал Б.Отгонбаатар гэнэ. Түүнийг дээрх үйлдвэртэй хамтарч бизнес хийхдээ хууль зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж буй.

    Тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад өчигдөр хүргүүлсэн байна. НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ц.Даваацэрэн, Б.Отгонбаатар нарыг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих санал гаргасныг хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол баталжээ.

    Эх сурвалж: Өнөөдөр сонин

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ