Монгол Улс саарал жагсаалтад ороход буруутгагдаад буй Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарын хэн нь ч чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй

2019-10-31

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс саарал жагсаалтад орход хүргэсэн зарим албан тушаалтанд хариуцлага тооцох тухай мэдэгдэж байсан билээ. Үүнтэй холбоотойгоор тэрээр   Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай  хариуцлага тооцох талаар уулзсан. Уулзалтын дараа хоёр даргын нэг нь өргөдлөө өгсөн тухай тэрээр хэлж байсан юм.  Монголбанкны ерөнхийлөгч тухайн үед  өргөдлөө өгөөгүй гэдгээ хэлж байсан бол өнөөдөр СЗХ-ны дарга С.Даваасүрэн сэтгүүлчдэд энэ талаар тайлбар өгчээ. Click To Tweet

Тэрбээр “Би чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой, улсын макро эдийн засаг, санхүүтэй холбоотой ажил. 2013-2016 онд хийсэн ажлыг 2017 онд дүгнээд олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн байдаг.

2019 оны наймдугаар сарын байдлаар уг зөвлөмжүүдээс Санхүүгийн зохицуулах хорооноос шууд хамаарах 10, шууд бус буюу бусад байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх 15 үзүүлэлт бүр дээр шат ахиулж чадсан. Өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу СЗХ маш сайн ажилласан

Харин ФАТФ-ын сая зөвлөсөн дөрвөн асуудлын тухайд Санхүүгийн зохицуулах хороонд цоо шинэ зохицуулалтаар орж ирж буй зүйл буюу санхүүгийн бус бизнес эрхлэгчидтэй холбоотой ажиллагаа. Өөрөөр хэлбэл, алт, үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбоотой асуудлыг Монгол Улсад зайлшгүй зохицуулах шаардлагатай боловч одоогоор зохицуулдаг байгааллага байхгүй учраас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар СЗХ-нд хариуцуулж өгсөн.

Дэлхийн хэмжээнд санхүүгийн зохицуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ төрлийн үйл ажиллагааг зохицуулдаггүй. Харин манайд үүссэн нөхцөл байдлаар зохицуулах шаардлагатай байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байна гэсэн. Тиймээс энэ ажлыг үе шаттай хийнэ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд урьд өмнө байгаагүй өсөлт гарсан. Өсөлтгүйгээр энэ салбарын хөгжлийг ярих боломжгүй. Эерэг талаас нь харвал Санхүүгийн зохицуулах хорооны талаар олон нийт сайн мэддэг болж буйд хувь хүнийхээ үүднээс бахархалтай байна” гэв.

Хоёр даргын тайлбараас харахад хэн нь ч өргөдлөө өгөхгүй гэдгээ илэрхийлээд байна. УИХ-ын даргын ярьсан хариуцлагын тухай асуудал талаар өнгөрөв бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ