
Өчигдөр буюу 29-нөөс 30-нд шилжих шөнө ТЕГ,ГИХГ,ЦЕГ хамтран гүйцэтгэх ажиллагаа явуулж, цахим гэмт хэрэг үйлдэж байсан болон тэднийг удирдан зохион байгуулсан гэх нийт 750 орчим Хятадын иргэдийг баривчлан саатуулаад байна. Ингэхдээ 1000 орчим өндөр хүчин чадалтай компьютер, 10 мянга гаруй гар утсыг хураан авчээ.
Хятад иргэд яагаад заавал Монголд байрлан цахим луйвраа хийх болов, яаж хилээр орж ирэв, үйлдэж байсан гэмт хэрэг нь Монголын эсрэг байсан уу гэх мэт олон хариултгүй асуулт үүслээ. Энэ талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өгөхгүй байгааг “Ажиллагаа прокурорын хяналт дор ажиллагаа явагдаж байгаа учраас мэдээлэл өгөх процесс ч бас прокурорын хяналт дор байгаа” гэж албаныхан тайлбарлаж байна. Тэгвэл ямар зорилгоор Монгол улсыг цахим гэмт хэргээ үйлдэх байршил болгон сонгосныг өмнө нь гарч байсан тохиолдлууд дээр үндэслэн авч үзье.
Филиппинд цахим луйвар үйлдэж байсан 542 гадаадын иргэний олонхи нь Хятад
Хамгийн сүүлийн тохиолдлыг авч үзвэл энэ сарын 10-ны өдөр Филиппиний Манила орчмоос тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан 542 гадаадын иргэдийг цахим луйврын хэргээр баривчлан саатуулжээ. Тэдгээрээс олонхи нь жуулчны визээр орж ирсэн бөгөөд Хятадын 442, Малайзын 25, Тайваний дөрвөн иргэн байжээ. Мөн тэдгээр иргэдийг Филиппиний нэгэн аутсорсинг компани хууль бусаар ажиллуулж байсан нь тогтоогдсон байна.
Аутсорсинг гэж аливаа байгууллага их цаг, хөрөнгө, хүч шаарддаг, үндсэн үүрэг функцээс гадуур ажлуудаа бага зардлаар, түргэн хугацаанд чанартай хийж чадах гадаад, дотоодын мэргэшсэн байгууллага, хувь хүмүүстэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг хэлнэ.
2017 онд Индонезд цахим гэмт хэрэг үйлдэж байсан бүлэглэл тус улсыг “нуугдахад тохиромжтой, өргөн газар нутагтай” учраас сонгосон гэжээ
Өчигдөр шөнө саатуулагдсан 750 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын цахим гэмт хэргийн бүлэглэл чухам яагаад Монгол улсыг гэмт хэргээ үйлдэх байршлаараа сонгов? Цахим гэмт хэрэг нь Монгол улсын эсрэг чиглэсэн байв уу?
2017 оны долдугаар сарын 29-ний өдөр Индонезийн Бали, Сурабаяа, Жакарта гэсэн гурван байршил дээр цахим гэмт хэрэг үйлдэж байсан Хятадын 148 иргэнийг саатуулан баривчилжээ.
Тэдгээр иргэд Хятадын өндөр албан тушаалтан болон бизнес эрхлэгчдийн хууль бус, нууцлалын өндөр зэрэгтэй мэдээллийг олж аван, улмаар түүгээр нь буцаан барьцаалж, blackmail-ддэг байсан аж. Blackmail-дэнэ гэдэг нь олж авсан баримтаа задруулаагүйнхээ оронд төлбөр нэхнэ гэсэн үг юм. Тэгэхээр энэ тохиолдолд Хятадууд Хятадуудынхаа эсрэг цахим гэмт хэргийг Индонез улсад олноор байршин үйлдэж байсан болж таарав. Индонез улсын хувьд нуугдахад тохиромжтой агаад өргөн газар нутагтай учраас ийнхүү тус улсыг цахим гэмт хэрэг үйлдэх байршлаараа сонгосон гэж ярьжээ. Хэрвээ Хятадаас blackmail-дэж, сүрдүүлсэн бол маш хурдан баригдах боломжтой гэнэ.
Монголоос баривчлагдсан 700 гаруй хятад иргэд ч ийм байдлаар Монголыг сонгосон байж болзошгүй ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.