АНУ-ын Конгрессын гишүүн сексийн дуулианаас огцрохоо мэдэгджээ

АНУ-ын Ардчилсан намын 32 настай төлөөлөгч Кэти Хилл уг шийдвэрийг сонгогчдынхоо хувьд хамгийн сайн нь гэжээ.

Хилл дуулиан шуугиан дэгдсэний дараа огцрохоо зарлаж, түүнийг конгрессын туслахуудынхаа нэгтэй нь учир ургуулсан хэмээн буруутгажээ. Түүнчлэн түүнийг ажилтантайгаа романтик харилцаа үүсгэсэн гэж нөхөр нь мэдэгдсэн хэмээн ВВС мэдээлсэн. Дараа нь улстөрчийн нүцгэн зургууд интернэтэд гарч ирэн, Конгрессийн ёс зүйн хороо мөрдөн байцаалт эхлүүлжээ.

2018 оны дунд шатны сонгуулиар Конгресст сонгогдохоосоо өмнө кампанит ажилд нь оролцсон ажилтантайгаа үнэхээр зүй бус харилцаатай байсныг хүлээн зөвшөөрсөн. Хэдий Хилл уучлалт гуйсан боловч тэрээр туслахтайгаа холбоотой явдлыг няцаасан хэвээр байна.

Одоо улстөрч твиттер хуудсаараа конгрессыг орхих шийдвэрийнхээ талаар мэдэгдээд байгаа бөгөөд түүний хэлснээр өөрт нь маш хэцүү байсан аж. Тэрээр өөрийн мэдүүлгийн хувийг постондоо хавсаргажээ.

“Өнөөдөр би сэтгэлээр унаж, Конгрессоос зодог тайлж байгаагаа зарлалаа. Энэ бол миний хувьд хийхэд хамгийн хэцүү ажил байсан. Гэхдээ энэ нь миний сонгогчид, манай нийгэм, манай орны хувьд хамгийн сайн зүйл гэдэгт би итгэж байна” гэж тэр мэдэгджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ