Дэвид Варбуртон:Хорин жил агаарын бохирдлоор амьсгалаад, 50, 60 хүрсэн хойноо хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөнө гэдэг нь харамсалтай

150 улсын эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид оролцож буй агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг онцолсон “Азийн хот, суурин газрын агаарын бохирдлын эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.

Хэлэлцүүлэгт бага насны хүүхдийн эрүүл мэндийн судлаач, эмч Дэвид Варбуртон оролцож өөрийн судалгааны дүнг танилцууллаа.

Дэвид Варбуртон манай Эх нялхасын эрдэм шинжилгээний төвтэй хамтарч тус судалгааг хоёр жилийн өмнө хийжээ. Уг судалгаагаар ураг зулбах процесс нь зуны улиралтай харьцуулахад өвлийн улиралд олширдог бөгөөд энэ нь агаарын бохирдолтой шууд хамааралтай гэж гарсан байдаг.

-Агаарын бохирдол жирэмсэн эхчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Агаарын бохирдол нь эмэгтэйчүүдийг жирэмслэхэд хүндрэлтэй болгодог.  Жирэмсэллээ гэхэд жирэмсний эхэн үед эндэх, хүүхэд нь жин багатай, толгой томтой төрөх эрсдлийг үүсгэдэг. Төрснийх нь дараа хүүхдэд маш олон сөрөг нөлөөтэй. Монгол гэлтгүй Азийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болчихсон.

Яах ёстой вэ гэвэл бид ерөөсөө л нүүрс түлэхээ болих хэрэгтэй. Бид 1950-иад онд Англи агаарын бохирдолтой тэмцэж, цэвэр нүүрсийг түлж үзсэн ч нэмэр байгаагүй.  Эцсийн дүнд нүүрсний бүх төрлөөс татгалзах хэрэгтэй. Цахилгаан, нар, салхи, усны эрчим хүчээр ажилладаг технологийн шийдлүүдийг одоо Европ даяар нэвтрүүлэн, хэрэглэж байна. Click To Tweet

Нэгэн жишээ авахад, Шотланд бол Монгол шиг хүйтэн улс боловч тогтвортой эрчим хүчийг нэвтрүүлснээр агаарын бохирдлоо шийдэж чадсан.

-Агаарын бохирдлоос үүдэлтэй бага насны хүүхдийн өвчлөлөөс хэрхэн сэргийлж болох вэ?

-Бага насны хүүхдүүд  агаарын бохирдолтой холбоотойгоор төрөл бүрийн амьсгалын замын өвчлөлүүд, хатгалгаа тусдаг. Агаарын бохирдлоос үүдэлтэй бага насны хүүхдийн өвчлөлөөс сэргийлэхийн тулд маск зүүлгэх, бохир агаарт аль болох тоглуулахгүй байх, гэр болоод сургууль дээр нь агаар цэвэршүүлэгчтэй байлгах хэрэгтэй.

Агаарын бохирдол ихтэй, ялангуяа өвлийн улиралд аль болох цонхоо онгойлгохгүй байх хэрэгтэй. Click To TweetАгаар солилцоо хийгдэж байгаа мэт боловч эсрэгээрээ бохирдолтой агаарыг ахуйн орчинд нэвтрүүлдэг талтай.

-Дээр ярьсанчлан Шотланд улс нүүрсний хэрэглээгээ халж, эрчим хүчээ тогтвортой байдлаар шийдэхэд хэр их хөрөнгө, хүч, хугацаа зарцуулагдсан бэ?

-Шотланд улсын хувьд нүүрсний хэрэглээг халахад бүхэл бүтэн 400 жилийг зарцуулсан.

Нүүрстэй холбоотой агаарын бохирдлын асуудал дэлхий даяар анх 1400 онд Лондонд яригдаж эхэлсэн байдаг. Тэр цагаас хойш явсаар 1950 он гэхэд Лондонд агаарын бохирдлын улмаас 20 мянган хүн нас барсан. Улмаар ямар шийдэлд хүрсэн бэ гэхээр Шотланд шиг дэд бүтцийг бүхэлд нь шинэчлэх нь хамгийн зөв сонголт гэж үзсэн.

Хэдийгээр асар их хөрөнгө мөнгө шаардлагатай боловч хөрөнгө оруулалтыг шийдэж агаарын бохирдлыг арилгаснаар ирээдүйд өгөх эдийн засгийн үр өгөөжийн хувьд хэдэн мянга дахин илүү. Click To Tweet Хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрэгсэд илүү бага өвддөг болно, илүү бүтээлч, эрч хүчтэй ажлаа хийж эдийн засагт эерэг нөлөөтэй.

Дотоодын нийт бүтээгдэхүүн нь ердөө дөрвөн мянган ам.доллартай тэнцдэг Монгол улсын хувьд Шотланд шиг дэд бүтэцдээ бүрэн шинэчлэлт хийх нь амаргүй.

Монгол улс сүүлийн 20 жил агаарын бохирдолтой тэмцэж байгаа боловч энэ хэвээр үргэлжилбэл одоо байгаагаас дордож, та нар сөрөг нөлөөг нь бүр илүү амсах нь харамсалтай. 20 жил агаарын бохирдлоор амьсгалчихсан залуучуудын хувьд 50, 60 хүрсэн хойноо хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөнө гэдэг нь харамсалтай. Одоо л арга хэмжээ авахгүй бол энэнээс ч дордоно.

-Бид агаар цэвэршүүлэгч, маск сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Агаар шүүлтүүрийн заавар дээр шүүлтүүрийг жилд нэг удаа солих хэрэгтэй гэж заасан байдаг. Гэхдээ Монгол шиг ийм бохирдолтой нөхцөлд агаар шүүгчийн шүүлтүүрийг сар болгон сольж байх хэрэгтэй. Click To TweetАгаар бохирдлоос өөрийгөө хамгаалах хамгийн сайн хамгаалалт нь үйлдвэрт өмсдөг химийн зориулалттай маск. Гэхдээ өдөр тутам өмсөхөд тохиромжгүйн дээрээс үнийн хувь харьцангуй өндөр учраас 3M гэсэн шошготой маск хамгийн боломжийн сонголт болж байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ