
Их Британи руу ачааны машинд явах замдаа 38 хүний хамт хөлдөж амь үрэгдсэн Вьетнамын иргэн Лэ Ван Ханы ар гэрийг уй гашуу нөмөрчээ.
Их Британийн Эссекс эргийн хотод ачааны машины хөргүүр чиргүүлд 39 хүн хөлдөж амиа алдсан байдалтай олдож жолоочийг нь хууль бус хүний наймаа эрхэлсэн, мөнгө угаасан зэрэг хэргүүдэд буруутгаад буй.
Хагийн эмээ нь бололтой нэгэн хөгшин гараараа нүүрээ таглан, хий хоосон ширтэн сууна. Харин эхнэр нь ярихгүй, юм идээгүй олон хоножээ. Аав Лэ Мин Туан нь ач хүүгээ тэврэн газар суужээ.
Лэ Ван Ха Вьетнамын хөдөө аж ахуй голчлон эрхэлдэг ядуу бүс нутагт төрж өсчээ.
Тэрээр бусдын адил хилийн чанадад сайн цалинтай ажил хийхийн тулд хоёр дахь хүүгээ төрөхийн өмнөхөн Европыг гурван сарын өмнө зорьсон нь энэ байлаа.
Ажиллахаар явахын тулд тэдний гэрийнхэн, тэр дундаас аав нь өөрийн хоёр газраа барьцаалан, хил давах 25 мянган ам.долларыг нь олж өгчээ. Хүүгээ явахад нь гэрийнхэн нь бүгд Ханыг сайн ажилд орж, зээлээ төлчихнө гэсэн итгэлтэй байсан боловч байдал ийнхүү эргэсэн гэнэ.
Аав нь “Хүү маань биднийг төлж барахгүй өртэй үлдээлээ. Би одоо хөгширсөн, үхэхээсээ өмнө төлж дуусах эсэхээ ч мэдэхгүй байна” хэмээжээ.
Дотроо 39 хүний цогцос бүхий ачааны машинаас гадна хоёр машин Их Британыг зорьсон гэлээ. Лэ Ван Хатай нэг нутагт амьдардаг 19 настай Бүй Ти Нүнг мөн адил мөнгө олхоор Английг зорьжээ. Бүй Ти Нүн дүүтэйгээ энэ сарын 21-нд ачааны машинд байна хэмээн фэйсбүүкээр харилцжээ. Одоогоор нас барсан гэх баттай мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд охины гэр бүлийнхний хувьд түүнийг өөр ачааны машинд байсан хэмээн найдлага тавьсаар байна. Хамгийн муудаа охин нь амь эрсэдсэн бол цогцсыг нь эх оронд нь авчрах хүсэлтэй байгаа аж.
Бүй Ти Нүний гэрийхний хувьд зээл аваагүй бөгөөд найзууд нь аялалд зориулж мөнгө хандивлажээ.
Энэ дүүрэгт боссон шинэхэн байшингууд бол хилийн чанад дахь Вьетнамчууд зорилгоо биелүүлж, сайн ажил олж мөнгөтэй болсны нотолгоо ажээ. Зарим нь Орос, Романыг зорьдог боловч тэнд сайн цалинтай ажил олох нь Вьетнамаас ялгаагүй хүнд учраас ихэнхи нь Их Британийг зорих болж. Мөн хөлөө олсон Вьетнамчууд олноор Их Британид амьдардаг учраас нэг ёсны сүлжээ бий болж, хумсны салон, зоогийн газар, газар тариалангийн салбарт ажил олдох нь харьцангуй амар байдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.