Улаанбаатар орчин үеийн хот болох суурь 1954-1960 онд тавигджээ

2019-10-28

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо. Энэхүү хурлаар Монголчуудын хот, суурин, нийслэл хотын бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, эрдэмтэн, судлаачдын судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулсан юм.

Улаанбаатар хотын төлөвлөлтийн хөгжлийг он цаг үеэр нь авч үзвэл: Click To Tweet

-1778-1930 хүртэл хотыг хүрээ хэлбэрээр,

-1930-1990 онд  социалист бүтээн байгуулалтаар,

-1990-2010 онд шилжилтийн үеийн бүтээн байгуулалт,

-2010 оноос хойш нэг төвт хөгжлөөс татгалзаж бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийг баримталж иржээ.

1946 оноос Улаанбаатар хотын энх цагийн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Энэ үеэс барилгын ажил эрчимтэй явагдаж, Зүүн Сэлбээс Гандан хүртэл зам тавьсан байна. Мөн  Сүхбаатарын талбайг 1946 онд цардаж, төв цэцэрлэгт 4000 бут сөөг тарьснаар Улаанбаатар хотын төвийн хэсгийн өнөөгийн дүр төрх бий болох үндэс тавигжээ.

1954 оны Сайд нарын зөвлөлийн 435 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг баталж, 1960 он хүртэл хэрэгжүүлжээ. Click To TweetЭнэ ерөнхий төлөвлөгөөний онцлог нь хотын төв хэсгийг өмнө зүгтээ задгайлсан, их бага тойрогтой, бага тойрог нь гэр хэлбэртэй байх өвөрмөц шийдлийг тусгасан байна. Үүнд 1 тэрбум 170 сая төгрөгийг зарцуулж байсан байна. Энэ үеэс орчин үеийн хот болох суурь тавигджээ.  Харин 1961-1976 он хүртэл хэрэгжсэн хотын ерөнхий төлөвлөгөөгөөр хотыг төв, зүүн, баруун, үйлдвэрийн гэсэн 4 дүүрэгт хувааж, анх удаа аялал жуулчлалын бүстэй болгохоор тусгаж, энэ хугацаанд хотыг хөгжүүлэхэд 3.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Click To Tweet  1976-2000 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хот, байгуулалтын норм, нормативыг тодорхой тусгасан ч гэр хорооллыг хөгжүүлэх төлөвлөлтийг огт хийлгүй орхигдуулсан нь гэр хороолол замбараагүй тэлэх шалтгаан болсон тухай судлаач эрдэмтэд онцолсон.

Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга “Өнгөрсөн хугацаанд баталж ирсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг харахад 10 жил болов уу үгүй юу өөрчлөгдөж ирсэн байна. Энэ нь тухайн нийгэм эдийн засаг, хүн амын өсөлттэй холбоотой.  Ялангуяа, сүүлийн  30 жилд хот төлөвлөлт алдагдсан. Уг нь 20 жилийн хугацаатай батлагдаж хэрэгжиж байх ёстой. Нийслэл Улаанбаатар хот 2040 он хүртэл нэг төвд төвлөрч хөгжих нь боломжгүй. Өнөөгийн энэ бөөгнөрлийг задлах ёстой. Тиймээс 2020-2040 оны хот төлөвлөлтийг боловсруулж байгаа. Үүгээр хотыг бүсчилж хөгжүүлэх, дагуул хоттой болгох зэрэг төлөвлөгөөг оруулсан байгаа” гэсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ