
Дөрвөн жилд нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын наадам долоо дахь удаагаа Хятадын Вухан хотноо үргэлжилж буй.
Энэ сарын 18-27-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд дэлхийн 10 мянга орчим тамирчид хурд хүчээ сорьж буй. Тэмцээний чөлөөт бөхийн төрөлд Гавъяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл медаль, харин жүдогийн төрөлд Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар хүрэл медалийн эзэд болжээ.
Медалийн буухиаг 25 метрийн спорт гар бууны төрөлд эмэгтэй тамирчид маань мөн адил үргэлжлүүлжээ. Тодруулбал, 25 метрийн спорт гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 590 оноогоор түрүүлж, харин Г.Хэрлэнцэцэг 589 оноогоор удаалжээ.
Ингэснээр Монголын тамирчид Дэлхийн цэргийн спортын наадмаас нийт зургаан медаль хүртээд байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.