• Хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөлөх эм худалдах гэж байсныг Хүүхэд хамгааллын ажилтан илрүүлжээ

    2019-10-25

    Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ”  төслийг танилцуулах өдөрлөгийг зохион байгууллаа.

    Засгийн газраас 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар  уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

    Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 3900 гаруй хүүхэд хохирсон гэх мэдээллийг цагдаагийн  байгууллагаас өгөв. Энэ нь нийт гэмт хэргийн 60 гаруй хувийг эзэлсэн үзүүлэлт юм.

    Харин дээрх төсөл хэрэгжиж эхэлснээр энэ онд гэмт хэрэгт өртсөн хүүхдийн тоог өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 4.6 хувиар буурсан гэх сайн мэдээг дуулгав. Энэ нь “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төсөл хэрэгжсэний үр дүн хэмээн тус газрын даргын үүрэг гүйцэтгэгч  А.Мандуул нээлтийн үеэр онцолсон. Тэрээр, дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргын тушаалаар “Хүүхэд хамгаалагч” ахмад ажилтныг томилж, дөрвөлсөн гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд нийслэлд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй 2100 эрсдэлтэй цэгийг тодорхойлж, хүүхэд хамгаалагчид болон хариуцсан хэсгийн байцаагчид хүүхэд гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аван ажиллаж байгаа гэлээ. Дээрх 2100 цэг нь гэрэлтүүлэггүй, хяналтын камер байхгүй цэгүүд аж.

    Энэхүү төслийн зорилго нь хүүхэд бүрийг гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчход дэмжлэг үзүүлж, хүүхэд бүрийг эрсдэлээс хамгаалах юм.

    Төсөл хэрэгжсэнээс хойш ЕБС-ийн 74 сургуулийн 9200 сурагч, 1500 эцэг эх, 1400 багш, ажилчдад мэдээлэл хүргүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр  давхардсан тоогоор 450 чиглэлд ажиллаж, шүүхэд шууд эрстэж болзошгүй 68 тохиолдлоос урьдчилан сэргийлж ажиллажээ.

    Хүүхэд хамгаалагч ажилтнуудаар цагдаагийн байгууллагад ажиллаж  байгаад чөлөөндөө гарсан ахмадууд сайн дураар ажиллаж байгаа юм.   Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч Ү.Орхон өнгөрсөн есдүгээр сарын 26-нд эргүүл хийж байхдаа цонхоор унах гэж байсан 4 настай хүүхдийг аварсан нь хүүхэд хамгааллын ажилтны хийж гүйцэтгэсэн нэг жишээ юм. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хүүхэд хамгаалагч ахмад ажилтан Рэнчинбат өсвөр насны хүүхдүүдэд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх  эм бэлдмэл хууль бусаар худалдан борлуулах гэж А гэгчийг илрүүлэн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ