Б.Чойжилсүрэн: Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхэд гишүүдээс ийм асуулт гараагүй

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Үүнтэй холбоотойгоор зарим гишүүд үг хэлж, асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Монголд барилгын материал үйлдвэрлэхгүй байна гэж яамныхан худлаа яриад байх юм. Нийт барилгын материалын 90 хувийг үйлдвэрлэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт НӨАТ-аас газрын тос боловсруулах үйлдвэр, ажилчдын орон сууцны материалыг чөлөөлсөн. Одоо гаалийн татвараас чөлөөлөхөөр ярьж байна. Гааль, НӨАТ-аас чөлөөлчихөөр нэг төгрөгийн бүтээгдэхүүнийг 3, 4 төгрөгөөр оруулж ирдэг. Өртгөө нэмдэг, цавчаа хийдэг. Гааль, НӨАТ-тай байвал тэгж чаддаггүй. Та нар мөнгө идэхийн тулд татвараас чөлөөлж байна”.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Бид жилдээ 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэх байх. Гэтэл манай олборлож байгаа хэмжээ жилдээ сая тонн л байгаа. Хятадын компанис түүхий тос авах байх. Манай улс өөсрдөө дотоодынхоо нөөцийг нэмэх хайгуулын ажлыг яаж хийж байгаа вэ.  Хайгуулыг эрчимжүүлэх асуудалд төрөөс ямар бодлого баримталж байна”.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэхэд ийм төрлийн асуулт гараагүй.  Зөвхөн ажилчдын хотхон барихад зориулж, барилгын материалыг гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг л ярьж байна”.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Газрын тосны үйлдвэр баригдчихаасай гээд гишүүд юу ч байсан кноп дараад байна. Гэтэл бүх л ажилд манайхаас мөнгө гараад байгаа. Бараг л тэрбум ам.доллар гарах гээд байгаа юм биш үү. Энэтхэгээс тэрбум ам.доллар зээлж газрын тосны үйлдвэр барина гэсэн. Одоо 1.3 тэрбум болж нэмэгдчихээд байна. Бид алтны үнэтэй шатахуун үйлдвэрлэх хэрэгтэй. Нефть боловсруулах үйлдвэр баригдаж байна гээд л байдаг. Барьж эхэлсэн юм алга. Дэд бүтцээ л Хөгжлийн банкны зээлээр барих гээд зүтгээд байна. Тэгэхээр хэтэрхийн үнэтэй шатахуун гаргах гэж зүтгэхээ, эсвэл өөр шийдэл ярих уу гэдгээ шийдэх цаг болсон”.

УИХ-ын гишүүн, Уул урхайн сайд Д.Сумъяабазар “Гишүүддээ өглөөний мэнд хүргэе. Энэтхэг улсын төрийн өмчит газрын тосны компаниудтай асуудал ярилцаж байгаад жаахан оройтчихлоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжиж байгаа шүү. Зарим гишүүд үйлдвэр баригдаагүй, эхлээгүй гэж буруу ойлгоод байх шиг байна. Ажил нь амжилттай үргэлжилж байгаа. Ирэх гуравдугаар сараас газрын тосны үйлдвэрийн суурилуулалт эхэлнэ. Нефьт боловсруулах үйлдвэр манай стратегийн чухал ач холбогдолтой зүйл. Сая “Саарал жагсаалт”-д орлоо гэхэд л валютын ханш яаж өөрчлөгдөж байна. Тиймээс бид газрын тосны үйлдвэрээ яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ асуудлаар улстөрчид битгий улстөржөөрэй.  Газрын тосны үйлдвэр барих ажилчдын 550 айлын хотхоны ажлыг хийхээр болсон.  Тэр хотхоныг барихад шаардагдах барилгын зарим материалыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй байна.  Бид 55 тэрбум төгрөг хэмнэхийн тулд хотхон барих гээд байгаа. 550 айлын орон сууцнаас гадна оффис үйлчилгээний барилгатай. Гадны ажилчид амьдрах болохоор фитнесс, энтертайнмент төв, эмийн сан гээд цогц байдлаар шийдэхийг хүссэн. Цаашид бидэнд үлдэцтэй гэдэг утгаар нь энэ саналыг гарсан. Гаалийн татвараас чөлөөлөхөд 1 сая гаруй ам.долларын л асуудал байгаа”.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Би тооцоо хийж үзсэн, нэг байр нь 100 гаруй сая төгрөг болчихлоо. Б.Чойжилсүрэн та байнгын хорооны дарга, өөрөө барилга барьдаг хүн ийм зүйл яагаад хажуугаараа гаргаж байгаа юм. Төсвийн байнгын хороогоор дахиж хэлэлцэх хэрэгтэй. Нэг байрыг нь 44 сая төгрөг гээд байх юм. Юун 44, 100 сая даваад байна”.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Өчигдөр байнгын хороогоор хэлэлцсэн. Гишүүдээс ийм асуулт гараагүй. Гишүүдийн олонхи нь дэмжээд оруулж ирсэн”.

Ажлын хэсэг “Төсөвт өртгийн нийт дүн 57.8 сая төгрөг. Шууд ба шууд бус зардал гэж бий. Хяналтын зардал гэх мэт шууд бус зардал бий. Харин шууд зардал нь 44 сая болж байгаа. Материалын зардлыг 100 хувь гэж үзвэл импортынх нь 60, дотоодоос 40 хувийг нь авна. Бид нийтдээ 2.8 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлөх асуудлыг л ярьж байгаа юм. Хотхоны байрны нэг ам.метрийг 800 мянган төгрөгөөр тооцож байгаа. Бид ямар ч мөнгө угаасан, зувчуулах гэсэн юм байхгүй. Маш сайн хяналт тавьж байгаа гэдгийг хэлье”.

Гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа  санал хураалт явуулж, 52 хувийн саналаар дэмжиж, гаалийн албан татварыг хөнгөлөх асуудлыг  дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байнгын хороонд буцаав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ