Н.Баатар:Дэлхийн сор бүтээл “Жизель”-д дүр бүтээсэн минь миний амьдралын онцгой сайхан үеүдийн нэг

2019-10-24

А.Аданы “Жизель” балет  Монголын сонгодог урлагийн тайзнаа тавигдсан 40 жилийн ой энэ онд болж байгаа билээ. Анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд тайзнаа тавигдсанаас хойш 181,182 дахь удаагаа энэ сарын 26,27-ний өдрүүдэд тоглох юм. “Жизель” балетад хамгийн анх дүр бүтээсэн МУГЖ Н.Баатар болон МУСТА Б.Энхээ нартай ярилцлаа.

-Монголын тайзнаа хамгийн  анх 40 жилийн өмнө тавигдсан “Жизель” бүжгэн жүжигт ямар дүр бүтээж байсан бэ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Б.Энхээ:Би сүнснүүдийн сүр хүчийг удирддаг Миртагийн дүрд тоглож  байсан. Хуримаа хийж чадаагүй нас барсан охидын сүнсийг удирддаг эсрэг дүр юм.Гол хөдөлгөөнүүд нь том үсрэлттэй. Өөрөөр хэлбэл, сонгодог балетийн хамгийн төвөгтэй хөдөлгөөнүүдийг Миртагийн дүрээр илэрхийлж гаргасан. Click To Tweet

Аз жаргалтай бүсгүйчүүдийн үхэлд хүргэсэн сүнсийг удирддаг цэвдэг хүйтэн сэтгэлтэй дүр байсан. Хамгийн анх Миртагийн дүрийг бүтээсэн хүн нь би гэхээр надаас хойш үе үеийн уран бүтээлчид энэ дүрийг чадварлаг бүтээсэн.

-Н.Баатар:Надад их сайхан байна. Монголын сонгодог урлагийн тайзнаа дэлхийн бүжгэн жүжгийн сор болсон бүтээл 40 жилийн турш тавигдаж ирсэн сайхан цаг мөчийг би харж байна. Миний хувьд Альберт гүнгийн эцэг Ван ноёны дүрд тоглож байлаа. Байгалийн сайхан бүрдсэн гацаанд ирж өөрийн ямбатан дээдсүүдийг удирдан авч яваа ноёны дүр юм. Энэ дүр нь Жизель бүжгэн жүжгийн бүх холбоосыг барьж байдаг дүр. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нийгмийн амьдрал, ялгаа нь хүртэл бүжгэн жүжиг дээр гардаг. Жизель,Алберт хоёрын  хайр дурлал  бүтэлгүйтсэн  нь язгууртнууд тариачин, жирийн хүнтэй гэрлэж болохгүй гэдэг шалтгаануудыг гаргасан дүр л дээ.

Надаас хойш үе үеийн олон сайхан уран бүтээлчид энэ дүрийг амжилттай бүтээсэн. Өнөөдөр хүртэл залуу үеийнхэн маань тоглох гээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Яагаад 40 жилийн ойг нь тэмдэглэж байна вэ гэхээр бүх бүжгэн жүжгийн анхдагч бүтээл юм. 17,18 зууны үед Францыг бүжгийн эх орон гэж нэрлэгдэж байсан. Энэ үед төрж гарсан бүтээл. Үүний араас олон алдартай балет төрөн гарсан байдаг. Жишээ нь, алдарт Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг 30 жилийн дараа тавигдсан.

Дэлхийн сонгодог урлагт уянгалаг сайхан хөгжмөөрөө  хүн ардын сэтгэл, оюун ухааныг өнөөдөр хүртэл хөглөж байгаа энэ том балетыг Монголын тайзан дээр 40 жил авч явна гэдэг их ур чадвартай, мэргэжлийн өндөр төвшинтэй театрын чадах зүйл юм. Зүгээр нэг бүжигчин тоглодог дүрүүд биш. Мэргэжлийн өндөр төвшинд, ур чадвар шаардсан их хэцүү дүрүүдтэй бүтээл юм шүү дээ. Click To Tweet

-Балетын мэргэжлийг хаана эзэмшсэн бэ. Бүжигчин болсон түүхээсээ хуваалцаач?

-Н.Баатар:Одоогийн  Хөгжим бүжгийн сургуулийг 1950 онд Хөгжим бүжгийн коллеж гэж байхад нь төгссөн. Дараа нь ОХУ-ын сонгодог бүжгийн академийг 1962 онд төгсөж ирээд Дуурь,  бүжгийн эрдмийн театртаа 52 жил гоцлол бүжигчнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан уран бүтээлч байна. Энэ хугацаанд 30 гаруй балетын гол дүрийг бүтээсэн. Үүний нэг нь “Жизель”-д бүтээсэн дүр маань онцгой сайхан дүр юм. Click To Tweet

Дэлхийд есөн том театр байдгийн нэг нь Францын Гранд Опера театр. Энэ театрт 1841 онд энэ бүжгэн жүжиг хөшгөө нээж, үзэгч олонтойгоо анх удаа мэндэлсэн байдаг юм. Дөрөвхөн сар болоод мартагддаг уран бүтээл байхад дэлхийн тайзнаа хэдэн зуун жил, Монголын тайзнаа 40 жилийн турш тоглогдож байна гэдэг жинхэнэ сонгодог бүтээл гэдгийг хэлэх байна.

-Б.Энхээ:Манайх гэр бүлээрээ балетчин хүмүүс. Миний охин МУГЖ Цолмон бас балетчин. “Жизель”-д мөн адил дүр бүтээж байгаа.Ээж охин хоёр өөр өөрийн амьдарч байсан цаг хугацаандаа дэлхийн том сонгодог бүтээлд дүр бүтээж тоглоно гэдэг гайхамшигтай хувь заяа гэж би бодож байна. Click To TweetМиний төрсөн дүү Чимгээ мөн адил балетийн бүжигчин. Ленинградад сургуулиа төгсөж ирээд миний дараагийн Мирта дүрийг бүтээж байсан.  Би бага залуугийн балетад дуртай байсан. Хөгжим бүжигт 1963 онд шалгалт өгөөд тэнцэж байсан юм. 22 жил балетийн бүжигчнээр ажиллаж байгаад 1992 онд тэтгэвэртэй гарсан даа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ