Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цол, чимгийг хураах эсэхийг өнөөдөр шийднэ

2019-10-24

Үндэсний их баяр наадмаар сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох эсэх нь өнгөрсөн хугацаанд тодорхойгүй байсан билээ. Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, Улсын аварга Э.Оюунболд, начин  Д.Цэрэнтогтох нарын цолыг хураах эсэхийг шийдэх юм.

Улсын аварга Э.Оюунболд допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд хандсан ч шүүхээс маргаан үүсгэх боломжгүй гэж үзэн буцаасан. Click To Tweet

Харин Цэрэнтогтох харцагын хоёр шинжилгээний хариу таарсан гэх дүгнэлт гарчээ. Тиймээс барилдах эрхийг хоёр жилээр хасаж, чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргасан байна. Энэ дагуу өнөөдөр Улсын баяр наадмыг зохион байгуулах хороо  хуралдаж Улсын аварга Оюунболд болон Цэрэнтогтох начинд холбогдох хэргийг шийдэх юм байна.

Хоёр бөхийн цолыг хураахаас гадна өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг өнөөдрийн хуралдаанаар шийднэ. Хэрэв Улсын аварга Э.Оюунболдын цолыг хурааж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийг давсанд тооцвол: Click To Tweet

9 дэх давааг хүчингүй болгож Улсын аварга Н.Батсуурьт Даян аварга цол олгох,

8 дахь давааг хүчингүй болгож Улсын арслан Ц.Содномдоржид чимэг нэмэх

7 дахь давааг хүчингүй болгож Улсын харцага Д.Анарт Улсын заан цол олгох

6 дахь давааг хүчингүй болгож Улсын начин Б.Цэрэнсодномд Улсын харцага цол

5 дахь давааг хүчингүй болгож аймгийн арслан Н.Мустафад Улсын начин цол олгож нэг, хоёр, гурав, дөрөв дэх даваанд учирсан бөхчүүдийг ч мөн давсанд тооцох ёстой юм.

Харин Улсын начин Д.Цэрэнтогтоход унасан бөхчүүдийн цолонд өөрчлөлт орохгүй ажээ. Click To Tweet

Бөхийн цол олгох болоод хураах бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчид байдаг. Тиймээс өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлэх юм. Үүний дараа Ерөнхийлөгч зарлиг гаргаснаар энэ жилийн наадмыг будлиантуулсан асуудал эцэслэн шийдэгдэнэ. Click To Tweet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ