• Ч.Хүрэлбаатар:Хавдрын эмнэлгийн хажууд байгаа эмнэлгийг түрээслэх асуудал л тавьсан шүү дээ

    2019-10-23

    2020 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан Хавдрын эмнэлгийн санхүүжилтээс Сангийн сайдыг гар татлаа гэх асуудал яригдсан.Тэгвэл энэ талаар тэрээр дараахь тодруулгыг өгчээ.

    -Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын санхүүжилт төсөвт тусгагдаагүй. Ч.Хүрэлбаатар сайд хавдартай хүмүүсээс мөнгө харамлалаа гэсэн шүүмжлэл гарсан.Энд  ямар асуудал үүссэн бэ?

    -Төсвийг өргөн мэдүүлэх хугацаа аравдугаар сарын 1. Үүнээс өмнө Сангийн яаман дээр аймгууд, яамдууд төсвөө өгдөг. Ирж тайлбарладаг. Гэтэл тэр ирүүлсэн бичиг баримтууд дотор ХСҮТ-ийн өргөтгөл барихад зарцуулах мөнгө төсөвт тусгаж өгөх талаар ямар ч асуудал байгаагүй.

    Одоо яригдаад байгаа зүйл бол хажууд нь байгаа нэг эмнэлгийг түрээсэлж авах л асуудал. Тэгээд тэнд нь тоног төхөөрөмж түрээсэлж авч өгнө гэдэг асуудал яригдаж байгаа. Төсөв боловсруулаад өргөн барьж байх хугацаанд яригдаагүй байж одоо гэв гэнэт гаргаж ирж ярьж байгаа зүйл. Хүмүүс тал талдаа ажлаа мэддэг байх ёстой л доо. УИХ-д өргөн мэдүүлэх хугацаанаас өмнө асуудлаа тавиагүй, яриагүй байж дараа нь төсөвт суулгаагүй гээд улс төржсөн мэдэгдэл хийгээд байгаа нь маш буруу хандлага.

    Тэр 19 тэрбум төгрөгөөр яг юу хийх гэж байгаа талаар задаргаа байхгүй. Хүсэлт гэж нэг хуудас ч цаас байхгүй. Ингэж ажилд хандаж, төсөвт шахалт үзүүлж дарамталж, улс төр хийж, бүр попорч асуудалд ханддаг хүмүүс төрд ажиллаж болохгүй. Би бүр онцгойлон хэлмээр байна. Асуудлаа судлаад, тавиад явбал Монгол Улс байна даа, яриад шийддэг механизм байгаа шүү дээ. Шууд попрох маягтай хандаж болохгүй шүү дээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ