Хар зах дээр 48, банкууд дээр 20 төгрөгөөр чангарсан ам.долларын ханш цаашид буурна

2019-10-23

Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ-ын цаашид хяналтанд байх буюу “саарал жагсаалт”-д орсон гэх мэдээлэл гарсан даруйд ам.долларын ханш огцом өссөн.

Банкуудын ханшийг энэ сарын эхээр зах зээлд тогтсон байсан ам.долларын дундаж ханштай харьцуулбал 20 төгрөгөөр чангарсан бол арилжааны захынхтай харьцуулахад 48 төгрөгөөр чангарсан байна. Click To Tweet Гэхдээ энэ өсөлтийг албаныхан түр зуурын хөөсрөл, цаашид ам.долларын ханш тогтворжино гэсэн мэдээлийг өгч байна. Click To Tweet

Өнөөдрийн байдлаар төв банкнаас зарласан ам.долларын ханш 2684 төгрөг байна.

Саарал жагсаалттай холбогдуулан арилжааны зарим банк валют арилжаанд тодорхой хязгаарлалтыг тавьж эхэлсэн. Учир нь эрэлт үүсэхээс сэргийлж дээрх арга хэмжээг авсан юм.

Саарал жагсаалтад орсон гэх мэдээллийг улстөржүүлж, нийгмийг буруу мэдээллээр турхирсан, ханшийг зөрүүнээс ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуургүй үйлдлээс болж  ханш тогтворгүй болсон гэж эдийн засагчид болон албаныхан хэлсэн.

Ам.долларын өсөлтийн талаар хэн юу ярьсныг хүргэе. Click To Tweet

 

-СЭЗС-ийн Эдийн засгийн багш Ж.Дэлгэрсайхан: 

Өнгөрсөн өдрүүдэд валютын ханш савласан ч одоо хөөсрөл бууж байна. Монгол Улсын эдийн засгийн суурь, төсвийн, болон мөнгөний бодлогын нөхцөл байдал гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч өнөөдрийн валютын ханш тогтож байгаа. Click To Tweet Тиймээс нэг асуудлаас болоод  хүчтэй савлагаа үүснэ гэж би хувьдаа бодохгүй байна.  Бидэнд тулгарч болох эрсдэл нь гадаад төлбөр тооцоо. Түүнээс биш ам.долларын ханш одоо улам өснө, санхүүгийн хувьд Монгол Улс олон улсаас тусгаарлагдах тухай ярихад эрт байна.

-Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир:

Олон нийтийн дунд гадаад төлбөр тооцоо  саатах  юм байна. Үүнийг дагаад валют хомстоно, ханш сулрана гэх мэт  хүлээлт өнгөрсөн өдрүүдээд гарлаа. Гэхдээ Монгол банкны  албан ёсны мэдэгдэл гарсан. Гадаад төлбөр тооцоон дээр саатал гарах зүйл огт  байхгүй. Бид бүхэн төлбөр тооцоогоо хийдгээрээ хийнэ, картаа  олон улсад ашигладгаараа ашиглана. Магадгүй ашиг хонжооны зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн хийж байгаа ажил. Click To TweetЗах зээл дээр үүсч байгаа валютийн ханшийн савлагааг мэдээж  төв банк зохицуулна. Тэр утгаараа хөөс хагараад тогтвортой байдал хангагдана.

-Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Иргэд саарал жагсаалтад орсонд  эмзэг хандаж байгаа учраас  өнгөрсөн өдрүүдэд    ханшийн хөөсрөлт  гарлаа. Төгрөгөө ам.доллар руу шилжүүлэх гэх мэт. Энэ тур зуурынх гэдгийг төв банкнаас мэдээлсэн. Өнөөдрөөс эхлээд иргэдийн сандрал байхгүй болж байгаа гэж бодож байна. Албан ёсны саарал жагсаалт гэсэн зүйл байдаггүй. Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын хяналтад орохыг  саарал жагсаалт гэж нэрлээд байгаа юм. Монгол Улсын эдийн засаг 6.7 хувийн өсөлттэй гарч байна. Энэ оны төгсгөлд энэ тоо нэг их өөрчлөгдөхгүй гэдгээ олон  улсын байгууллагуудад хэлсэн байгаа учраас эдийн засгийн хувьд хүндрэлтэй асуудал үүсэхгүй гэж харж байна. Эдийн засгийн суурь сайн үзүүлэлттэй байхад төгрөгийн ханш унах  нөхцөл байхгүй.

-Эдийн засгийн судалгаа, сургалт хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл:

Бид өмнө нь саарал жагсаалтад орж байсан. Тэр үед санхүүгийн зах зээлд хүчтэй өөрчлөлт орж байгаагүй. Хэн ханшийн өсөлтийг хөөсрүүлээд байна вэ гэдэг нь сонин ш дээ. Click To TweetСанхүүгийн эдийн засгийн мэдлэг дутуу хэн нэг нөхөр  ханш 7000 хүрнэ гэж ярих амархан л даа. Гэхдээ үүний хор уршиг нь асар их. Дамийн хүчин зүйлийн нөлөөгөөр ханш хөөрөгдөж байсан уу гэвэл өнгөрсөн хугацаанд байсан л асуудал. Саарал жагсаалттай хамааралгүйгээр ханшийг тэд болно  гэж мэдэгдэл хийж байсан Ерөнхий сайд ч байсан ш дээ. Үүнийх нь дараа ханшийн савлагаа үүсч л байсан. Ханш өөрөө их эмзэг зүйл учраас энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй байгаа юм.  Манайхан дээрх мэдээлэлд хэтэрхий сэтгэл хөдлөлөөр хандав уу гэж харж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ