
Энэтхэгийн Карнатака мужийн Багат колежид сурагчдаа шалгалтын үеэр хуулуулахгүй тулд хайрцаг өмсгөсөн зураг цахим орчинд тархаж, эцэст нь сургуулийн захиргаа олон нийтээс уучлалт гуйжээ.
Хайрцагны урд гаргасан онгорхой хэсгээр сурагчид ширээгээ, шалгалтын цаасаа харах боломжтой боломж хажуугийн сурагчийн материал руу харах ямар ч боломжгүй аж.
Ийнхүү сурагчдын толгойнд хайрцаг өмсгөсөн зургаа тус сургуулийн нэгэн ажилтан фэйсбүүкдээ тавьснаар, ихээхэн шүүмжлэлд өртжээ. Тус улсын Боловсролын сайд С.Суреш Кумар энэ явдлыг “байж болшгүй”, “сурагчидтай мал адгуус мэт харьцах эрх хэнд ч байхгүй” хэмээн твиттер хуудсандаа жиргэсэн байна.
Харин сургуулийн захиргаанаас зөвхөн эцэг, эхийн зөвшөөрөх хуудастай сурагчид шалгалтын үеэр толгойндоо хайрцаг өмсөх туршилтанд хамрагдсан гэжээ. Тухайн өдөр явцын шалгалт өгсөн 72 сурагчдаас 56 нь өмссөн аж. Харин шалгалтаа хайрцагтайгаар өгсөн хүүхдүүд ихэвчлэн 15-30 минутын хугацаанд тайлсан гэнэ.
Тус сургуульд өнгөрсөн жил шалгалтын үеэр сурагчид хуулж байсан хэрэг гарсан учраас ийнхүү хуулалтаас сэргийлэх шинэ арга барилыг турших болжээ.
Мөн улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд шалгалтын үед хуулсан хэд хэдэн шуугиант үйл явдал болсон юм. 2015 онд гэхэд сурагчдын эцэг эх нь хүүхдүүддээ шалгалтын хариултыг дамжуулахын тулд сургуулийн барилгын гаднах хананд нүх гаргахыг завдаж байв.
Энэтхэг шиг хөгжиж буй улс орны хувьд хүн амын боловсролын төвшинг дээшлүүлэх нь ядуурлын тойргоос гарах цорын ганц алхам юм. Хэдий тийм боловч энэ нь эргээд сурагчдад шалгалтандаа хангалттай оноо авч чадахгүй бол яана гэсэн сэтгэлийн дарамт ихээр үүсгэдэг аж.
Энэ жилд Энэтхэгийн Теленгана мужид 19 сурагч шалгалтынхаа дүнг мэдсэний дараа амиа хорлосон харамсалтай мэдээлэл бий.
Эх сурвалж: cnn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.