Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсны улмаас Оюутолгой төсөлд санхүүжилт босгох ажил хүндэрлээ гэж Австралийн хэвлэлд мэдээлэв

Монгол улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд,тэр дундаас “Рио Тинто”-гийн Оюутолгойн зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтын ажилд зээлдэгчдийг татан оролцуулах асуудалд манай улс “саарал жагсаалт”-д орсон явдал хүндээр туслаа.

ФАТФ-ын 39 гишүүн орны нэг нь Австрали бол харин төсөл хэрэгжиж буй Монгол улс Зимбабве, Исланд улсуудын хамт саарал жагсаалтад багтлаа.

Хамгийн анх Өмнөговь дахь Оюутолгойн зэс, алтны гүний уурхайн санхүүжилтэд 4.4 тэрбум ам.долларын зээлийг 2015 онд тус төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources”  компани авч байв. Тухайн үед нийт 5.3 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байв.

Гэвч үүний дараа буюу долдугаар сард “Turquoise hill resources”-ийн 50.8 хувийг эзэмшдэг, “Оюутолгой” төслийн менежментийг хариуцаж буй “Rio tinto”  болон “Turquoise hill resources компаниуд тус төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын дүн 6.5-7.2 тэрбум ам.долларын хооронд өсөх магадллатай хэмээн мэдээлсэн. Энэ төсвийн төсөөлөлд уурхайн үйл ажиллагааг явуулахад нэн шаардлагатай цахилгаан станц барих санхүүжилт багтаагүй байв.

Улмаар хоёр компанийн зүгээс далд уурхайн санхүүжилт дээр зээлдэгчдийг урьж оролцуулах яриа, хэлэлцээрийг хийж эхэлжээ.

Өнгөрөгч сарын 23-ны өдөр “Canaccord Genuity”-ийн шинжээч Далтон Баретто “Бидний үзэж байгаагаар төсөл болон цахилгаан станцын санхүүжилтэд 3.4 тэрбум ам.долларын өр, 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт нэмэлтээр шаардлагатай” гэжээ.

Харин “Macquarie” группын  шинжээчийн таамаглаж байгаагаар төслийг дуусгахад буюу  ашиглалтын хугацаа, цахилгаан станцыг  барих зэрэгт  төсөлд  нэмэлтээр 2.8 тэрбум ам.доллар шаардлагатай юм.

Баретто өнгөрсөн сард Монголд ирж, Оюу толгойн зээлийн төлөөлөгч нартай уулзахад Монголын талаас төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. “Зээлдэгчдийн зүгээс Оюу толгой төслийн хамрах хүрээг дахин нэг нягтлан үзэхээс гадна Монгол Улсын Засгийн газар гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх эсэх талаар ямар нэгэн баталгаа шаардах болно. Мөн зургадугаар сард сонгууль болох учраас зээлийн хэлэлцээр  хойшилж болзошгүй”  хэмээн тэрээр ярижээ.

Монгол улс банкны салбарын шинэчлэлтийг хийж чадаагүй учраас  ОУВС  хөтөлбөрийн санхүүжилтээ  2018 оны сүүлээс эхлэн зогсоосон.

ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, The Australian Financial Review –д  Монгол улс саарал жагсаалтад орохоос өмнө өгсөн ярилцлагадаа“Оюу толгой нь Монгол улсын эдийн засгийн чухал хэсэг мөн.Оюу толгой нь улсын макро эдийн засагт чухал ач холбогдолтой. Хэрвээ төсөл зогсохоор болвол бид улсын эдийн засгийн талаарх бүх урьдчилсан тооцоог дахин нягтлан авч үзэх шаардлагатай. Мөн төсөл зогсвол төлбөрийн тэнцэлд маш том нөлөө үзүүлэх учраас бодлогын зөвлөмжөө дахин нэг эргэж харах хэрэгтэй болно” хэмээн ярьжээ.

Монголын Засгийн газар Оюу толгойг үндсэрхэг үзэлтэй холбож байгаа нь Рио Тинтод далд уурхайн санхүүжилт босгоход хүндрэл учруулах эсэх талаар тэрээр ямар нэгэн тайлбар өгөхийг хүсэхгүй байсан юм. Харин орон нутгийн иргэд байгалийн баялгаас шударгаар хувь хүртэх, нөгөө талд гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдийн хувиа авах нарийн тэнцвэртэй байдал үүссэн гэж тэрээр тайлбарлажээ.

ОУВС-гаас хөтөлбөрийн санхүүжилтээ зогсоосон болон мөнгө угаах гэмт хэргийн талаар үүссэн нөхцөл байдлаас бусдаар Монголын эдийн засаг сүүлийн хоёр жилд харьцангуй сайн байсан гэж Жеофф Готтлиеб дүгнэжээ.

Хөтөлбөрийн санхүүжилт зогсохтой хамт 2017 онд гурван арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд одоогийн эдийн засаг тэр үеэс хамаагүй дээр үзүүлэлттэй байгаа гэж ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч  ярьжээ.

Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилт эхэлсэн, түүхий эдийн үнэ өссөн, Монголоос авах нүүрсний импортоо нэмэгдүүлэх Хятад улсын шийдвэр гэсэн гурван хүчин зүйл Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Монгол улс саарал жагсаалтад анх удаа орсон явдал биш. Өмнө 2013 онд орж, хууль эрх зүйн хүрээнд амжилттай шинэчлэлтийг хийж чадсаны дүнд 2014 онд тус жагсаалтаас гарч байсан удаатай.

Эх сурвалж: The Australian Financial Review

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ