• Дуу, хөгжмөөр дүүрэн UNOpenday өдөрлөгийг зорих нь

    Тогтвортой хөгжил-2030 гэж сонссон уу? Тийм гэж хариулсан бол танд хүргэе. Харин хаа нэгтэй сонсож байсан боловч тийм ч сайн мэдэхгүй бол өнөөдөр Монгол дахь Нэгдсэн үндэсний байгуулгаас зохион байгуулж буй UNOpenday өдөрлөгийг зориорой.

    Гол арга хэмжээ болж буй гуравдугаар давхарын зааланд ороход том хүмүүсээс илүү хүүхэд, багачуудын дуу, инээд хөөр цалгиасан орчин угтан авлаа.

    Арга хэмжээг нээх үеэр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра “Бид тогтвортой хөгжилд хүрэхийн тулд алсын хараа, үнэт зүйлсээ тодорхойлж, түүндээ хүрэх стратегийг боловсруулах хэрэгтэй. Би үйлдэл болгоноо тогтвортой хөгжлийн төлөө байна гэдгээ амлаж байна, та нар харин амлаж байна уу?” хэмээж байсан юм.

    Хүүхдүүд яг л гэртээ зурагтынхаа өмнө дуртай хүүхэлдэйн киногоо үзэх мэт илтгэгчдийн байгаль орчин, тэгш эрх-тэгш оролцоо гэх мэт том сэдвүүдийн талаарх яриануудыг шимтэн үзэж байв.  Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар UNOpenday өдөрлөгийн нээлтээр хэлсэн үгэндээ “Намайг хүүхэд байхад хүмүүс байгаль орчин, тогтвортой хөгжил гэж юу болох талаар ярьдаггүй байсан. Тогтвортой хөгжлийн тулгын гурван чулууны нэг болох байгаль орчноо хамгаалах нь зөвхөн мод битгий тайр гэх бус, бүх хүмүүсийг ядуурлаас гаргах нь ч бас энэ асуудалд хамаатай” хэмээн онцолж байлаа.

    Хүүхдүүдийн анхаарлыг өндөрт барихын тулд зохион байгуулагчдын зүгээс илтгэл болгоны дундуур явах дуу хөгжмийг ч мартсангүй. Томчууд ч тэрэнд нь хөгжин суух юм. Товчхондоо гэвэл тогтвортой хөгжлийн талаарх сонирхолтой хүмүүсийн сонирхолтой илтгэлийг сонсонгоо дуучин Ука, хийлч Дээгий, дуучин Энгүүн, Thunder, модерн бүжгийн О2б бүжгийн тоглолтыг амьдаар нь үзэх боломж хүн бүхэнд нээлттэй.

    Өнөөдрийн арга хэмжээнд илтгэлч тавигч олны танил хүмүүс, дуу, хөгжмөөрөө хүүхдүүдэд баяр хөөр авчрах урлагийнхан бүгд “Бид ч гэсэн Тогтвортой хөгжлийн төлөө нэгдлээ” хэмээн уриалж байсан юм. Үнэхээр ч 17 зорилго, 169 зорилт бүхий Тогтвортой хөгжил-2030 гэх хөгжлийн үзэл баримтлал бол зүгээр нэг цаасан дээрх бодлогын баримт бичиг бус, хүн болгон үүний талаар мэдлэгтэй болж, улмаар мэдлэгээ дадал, зуршил болгон амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй билээ. Ирсэн хүүхдүүдээс нэгэнтэй нь энд өнөөдөр ирснээр юу сурч мэдсэн талаар нь асуухад “Байгалиа хайрлаарай,хог газар байх юм бол хогийн саванд хаяж байгаарай” гэж шууд л хариулаа.

    UNOpenday өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл НҮБ-ын байран дээр үргэлжилнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ