• А.Оюун-Эрдэнэ:Энэ он гарсаар гэмт хэргийн улмаас 37 хүүхэд нас барж, 303 хүүхэд хохирсон

    2019-10-18

    Нийслэлийн цагдаагийн удирдах  газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн  ахлах мэргэжилтэн,  цагдаагийн хошууч А.Оюун-Эрдэнэтэй гэмт хэрэгт холбогдож буй хүүхдүүдийн шалтгаан нөхцөлийн талаар ярилцлаа.

    -Хүүхэд гэмт хэргийн золиос болж, гэмт хэрэгт холбогдоход хамгийн их нөлөөлж байгаа зүйлс нь юу байна вэ?

    -Хүүхэд гэмт хэргийн золиос болох гэмт хэрэгт уруу татагдах хэрэг буурахгүй байна . Харин ч өмнөх  оны үзүүлэлтүүдээс өссөн дүнтэй байна. Цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хүүхдийн төлөө анхаарал маш их хандуулж байна. Хандуулахгүй байхын ч арга алга.

    Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамгийн эхний цэг нь гэр бүлийн орчин. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ зөв боловсон харьцаж анхаарал тавих, өөрийнх нь найз мэт харьцаж ойлгох нь хамгийн чухал байна.

    Дан ганц  цагдаагийн байгууллага ажиллаад гэмт хэрэгт холбогдож, хохирсон хүүхдийн тоо буурахгүй байна шүү дээ.

    Шалтгаан нөхцөлийг нь аваад үзэхээр ихэнхдээ эцэг, эхийн хараа хяналтгүй, ямар нэгэн байдлаар бие болоод сэтгэл санаа, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд байна. Цагдаагийн  байгууллагаас өнгөрсөн хугацаанд “Цахим орчинг зөв болгоё”, “Зөв тусгал”, “Unfriend” гэх мэт олон хөдөлгөөн аяныг өрнүүлсэн. Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд дэмжиж оролцсон ч хүүхдүүд маань хохирсоор л байна.  Эцэг, эхчүүд хүүхдэдээ гол анхаарлаа тавих шаардлагатай байна. Хүүхдийнхээ дэргэд архидан согтуурах хэрэг буурахгүй байна.

    Энэ бол хүүхдээ үл хайхарч байгаа гэмт хэрэг юм. Архидан согтуурдаггүй нөгөө хэсэг нь хүүхдийнхээ хэлж ярьж байгааг анзаардаггүй, үгийг нь сонсохгүй байх жишээтэй. Энэ мэт үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүд өртсөөр байна.

    Хүүхэдтэйгээ найзын хүрээнд харилцаж, харилцаа үүсгэх нь байтугай эцэг, эхчүүд өөрсдөө утсаа оролдоод суучихдаг.

    Энэ хугацаанд хүүхэд нь юу хийж, юу хүсч байгааг анхаарахгүй байгаад л хамаг учир байгаа юм. Орой ажлаа тараад гэртээ ирэхдээ  хүүхэдтэйгээ өдөр  юу болсон талаар  ярилцаж, анхаарал халамжаа мэдрүүлж байх нь хамгийн чухал байна.

    Та бүхэн мэдэж байгаа байх. Хэд хоногийн өмнө цахим хуудсаар гуравхан настай хүүхэд балконоосоо дүүжлэгдсэн  бичлэг цацагдсан. Үнэхээр аймшигтай. Азаар тэр хүүхэд аврагдсан.

    Бага насны хүүхдээ ганцааранг нь гэртээ битгий үлдээгээч ээ. Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, анхаарал халамж сул байгаагаас болоод золгүй  байдлаар маш олон хүүхэд харамсалтайгаар нас барж байна. Заримдаа бид тайлан мэдээ уншаад сууж байхдаа уйлах ч үе байна. Тиймээс эцэг, эхчүүдэд хандаж хэлэхэд бага насны хүүхдээ гэр оронд нь битгий ганцааранг нь үлдээ, хүүхдүүдтэйгээ ярилцаж, нээлттэй бай гэж хэлмээр байна. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн насыг аваад үзэхээр ихэнх нь 14-17 насны шилжилтийн насны хүүхдүүд байгаа юм. Хүүхдүүдээ хаана хэнтэй юу хийж явааг нь анхаараад, ярилцдаг л байх хэрэгтэй байна.

    -Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо өмнөх оноос өссөн үзүүлэлттэй харамсмаар тоо байна?

    -Энэ оны эхний 9 сарын байдлаар 37 хүүхэд гэмт хэргийн улмаас нас барсан. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.1 дахин өссөн байгаа нь үнэхээр харамсмаар.

    Ихэнх нь ахуйн хүрээнд гарсан байгаа юм. Тухайлбал, халуун ус, хоолонд түлэгдэх,гэр хорооллын жорлонд унах,  амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэх мэтчилэн. Эцэг, эхийн хараа хяналт сул эсвэл хайхрамжгүй болгоомжгүй байдалтай  холбоотой.

    Харин гэмт хэргийн улмаас гэмтэж хохирсон 303 хүүхэд байна. Үүнээс , 84 эмэгтэй хүүхэд байгаа юм. Насны хувьд 7 хүртэлх насны 39, 8-13 насны 98, 14-17 насны 166 хүүхэд байна. Хүний эрүүл мэндийн халдашгүй  байдлын эсрэг буюу зодооны улмаас 208, хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон 6 хүүхэд байгаа. Ихэнх нь зодоон болон хулгайн гэмт хэрэгт холбогдсон байдаг.

    Харин сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлт байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар сургуулийн орчинд 8 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувиар буурсан дүнтэй байгаа.   Энэ нь сургуулийн орчинд сургуулийн захиргаанаас авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээ болон цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа “school police”-ийн үйл ажиллагаатай холбоотой. Мөн хүүхдүүд бие биенийгээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль дээрээ  “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийг ажиллуулдаг. Энэ мэт арга хэмжээ авсний үр дүнд сургуулийн орчимд гардаг гэмт хэргийн тоо буурсан.

     -Хараа хяналтгүй гэр орноосоос дайжсан хэчнээн хүүхэд байна вэ. Энэ хүүхдүүд төрөөс авах ёстой анхаарал халамжаа  авч чадаж байна уу?

    -Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтраад улирал бүр илрүүлэлт гээд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн гурав дахь улирлын илрүүлэлтийн арга хэмжээг хийсэн. Үүний үр дүнд  энэ оны байдлаар 192 эцэг, эхийн хараа хяналтгүй болон хараа хяналт сул гудамжинд гуйлга гуйдаг тэнэмэл маягаар амьдардаг хүүхэд бүртгэгдсэн.

    Эдгээр хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилчид хариу үйлчилгээнд хамруулж, бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Ямар ч эцэг, эхийн хараа хяналтгүй хүүхдүүдийг Амгаланд байрлах Гэр бүл хүүхэд залуучуудын газрын тусгай цогцолборт хүлээлгэн өгч байршуулдаг.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ