• МАН-ын дарга У.Хүрэлсүх НАМЭХ-ны Ерөнхийлөгчид Д.Сарангэрэлийн нэрийг дэвшүүллээ

    2019-10-17

    МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VII  чуулган Тусгаар тогтнолын ордонд болж байна.  Энэ удаагийн хуралд 317 төлөөлөгч, 50 гаруй төлөөлөгч урилгаар оролцож байгаа юм.

    НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн сунгаанд хэн нь олонхын санал авч, ирэх дөрвөн жил намын эмэгтэйчүүдийг нэгтгэж, толгойлох нь өнөөдөр тодорхой болно.

    МАН-ын дарга У.Хүрэлсүх дөнгөж сая үг хэлж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ. Намын даргын шийдвэрийг өнөөдрийн хурал дээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан танилцуулах бөгөөд  НАМЭХ-ны хуралдаанаар хэлэлцэнэ. Гэхдээ түүнтэй зэрэгцэн Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны Ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвших хүсэлтээ өгсөн билээ.

    Хурлын эхэнд Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрээр,  тус байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өндөр хэмжээнд, өргөн цар хүрээтэй хөгжсөн. Өдгөө НАМЭХ нь дэлхийн 20 гаруй улстай хамтран ажиллаж байгаагаас БНХАУ, БНСУ, Европын хөгжингүй орнуудтай ойр нягт хамтын ажиллагаатай байна.

    Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд болсон түүхэн том нэг үйл явдал бол Соц-Интернийн Азийн бүсийн хурлыг Азидаа анх удаа Монгол Улсад зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж, Азийн бүсийн эмэгтэйчүүдийг уриалж ажилласан явдал юм.

    Соц-Интернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн байгууллага нь 139 орны улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог дэмжих чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд НАМЭХ нь 1999 онд Соц-Интернийн Олон Улсын эмэгтэйчүүдийн байгууллагын /СОУЭБ/ ажиглагч гишүүнээр элсч, 2003 онд Бразилийн Сан-Пауло хотноо болсон Соц-Интернийн эмэгтэйчүүдийн байгууллагын Их хурлын шийдвэрээр жинхэнэ гишүүн болсон түүхтэй. 2015 онд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл Франц улсын Марсель хотод зохион байгуулагдсан ээлжит хуралд оролцох үеэрээ 2016 оны хурлыг эх орондоо зохион байгуулах шийдвэрийг гаргуулж чадсан юм.

    Өдгөө НАМЭХ нь НҮБ-аас эмэгтэйчүүдийн аж байдлын хүрээнд зохион байгууллагддаг бүхий л хурлуудад Монгол Улсаас албан ёсоор хүндтэй зочин уригддаг Соц-Интернийн хүндтэй байгууллага болж чаджээ. НАМЭХ-оос манлайлагч эмэгтэйчүүдийг бүх шатны сонгуульд бэлтгэх, чадавхижуулах талаар үе шаттай арга хэмжээ авч ажилласаны үр дүнд 2016 оны сонгуулиар УИХ-д 12 эмэгтэй гишүүн сонгогдож, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд үнэмэлхүй ялалтыг байгуулан түүхэн амжилтыг үзүүлсэн хэмээн өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ