• Ихэр охидыг ихэр сувилагчид эх барин авчээ

    Төрөх өрөөнд ихэр охидыг ихэр сувилагчид эх барин авсан ховор тохиолдол АНУ-ын Жоржиа мужийн Атенсын эмнэлэгт гарчээ. Ихэр охидын аав болох Браннан Виллиамс “Төрөх өрөөнд орно гэхээр их сандарч байсан боловч тэнд манай охидтой адил ихэр сувилагчид байгаа гэдгийг сонсоод тайвширсан” хэмээн ярижээ.

    Ихэр охид хоорондоо гурван минутын зайтай хорвоод мэндэлжээ.

    Ихрийн нэг болох Тори нярайн эрчимт эмчилгээний тасагт ажилладаг бол Тара түргэн тусламжийн хэсгээс саяхан төрөх тасагт шилжин иржээ. Мэндэлснийхээ дараа нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтэх шаардлагатай нярайг эх барин авахад дээрх хоёр тасгаас хоёулангаас нь эмч, мэргэжилтнүүд байх журамтай байдаг байна. Мөн нэг хүүхдэд заавал нэг сувилагч байх ёстой учраас энэ удаад Тори, Тара нар нэг дор ажиллажээ. Хэдий ихрүүд нэг эмнэлэгт олон жилийн турш ажилласан боловч хэзээ ч төрөх өрөөнд хамт ажиллаж байгаагүй бөгөөд энэ бол анхны тохиолдол байлаа. Энэ ховор тохиолдлыг охидын аав ихэд бэлэгшээн ихэр сувилагч нартай цаашид ч холбоотой байж, охидоо хэрхэн өсгөх талаар зөвлөгөө авж байхаар болжээ.
    Шинээр хорвоод мэндэлсэн Аддисон, Эмма охид энэ дөрөв дэх өдөр эмнэлгээс гарна.
    Эх сурвалж: cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ