“Эко сургууль хөтөлбөр”-ийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүд ногоон байгууламжаа 40 хувиар нэмэгдүүлж, нүүрстөрөгчийг 6500 тонноор бууруулжээ

2019-10-16

“Эко сургууль хөтөлбөр”-ийн үндэсний V чуулган өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд болж байгаа. Уг  хөтөлбөрийг “тогтвортой хөгжлийн боловсрол, ногоон хөгжлийг асуудлуудыг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлдэг шилдэг хөтөлбөр” хэмээн үзэж НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНЕП, ЮНЕСКО үнэлж, Дэлхийн байгаль орчны боловсролын сантай хамтран ажиллах санамж бичиг үйлдэн, дэлхий хэмжээнд цар хүрээг өргөжүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Дэлхийн байгаль орчны боловсролын сан дэлхийн 67 улсын 51 мянга гаруй сургууль, цэцэрлэгүүдэд өөрийн үндэсний гишүүн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлж байна. Харин манай улсын хувьд 2017 оноос хэрэгжиж байгаа юм.

Монгол Улсын хувьд “Засгийн Газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-2030”-д эко сургуулийг өргөжүүлэн дэлгэрүүлэх, “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-т 2022 он гэхэд нийт сургууль, цэцэрлэгийн 50 хувьд хүргэсэн байхаар тусгайлан зааж өгсөн.

Эко сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ISO14001 стандартад суурилсан гадаад болон дотоод орчны үнэлгээ хийж сургууль, цэцэрлэг орчмыг “Эрүүл-Аюулгүй-Ногоон орчин-2022” зорилт дэвшүүлэн ажиллажээ. Энэ хүрээнд  ногоон байгууламжийг 40 орчим хувиар нэмэгдүүлж, эрчим хүч, тээвэр, ус, хог хаягдлыг бууруулсанаар эдгээр хэрэглээнээс үүсэх нүүрстөрөгчийг хувь хэмжээг 6500 тонноор бууруулж чадсан байна. Үүний үр дүнд 3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж чаджээ. Энэ бол дэлхийн нийтийн өмнө тулгамдаад байгаа “Уур амьсгалын өөрчлөлт” түүний эсрэг авч байгаа бодит арга хэмжээ мөн юм.

Энэ талаар Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг  “Энэ хөтөлбөрийн гол санаа нь ISO10001 стандартыг боловсролын байгууллага сургууль, цэцэрлэгийн төвшинд нэвтрүүлэхэд гол анхаарал хандуулдаг. Энэ стандартыг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын нийгмийн хариуцлагын асуудал. Хүрээлэн буй орчиндоо өөрсдийн нөлөөллийг ойлгож мэдэх, түүнийгээ судлах,судлаад бууруулах боломжоо хараад  ямар нэгэн үйлдэл хийж байна. Гадаад болон дотоод орчныхоо эрүүл аюулгүй байдлыг үнэлж чадаж байна.

Гэрэл унтраах, хог хаях ёстой гэдэг өнцгөөс бус энэ өрөөнд хэчнээн квт цаг эрчим хүч хэрэглэж байгаа юм, дөрвөн цаг асаахад хэдэн төгрөг зарцуулдаг, энэ хугацаанд ассан гэрэл хэчнээн кг нүүрс төрөгчийг агаар мандалд ялгаруулдаг  юм гэх жишээний нарийн бодит тооцоололд сурдаг. Тэр хэрээрээ тухайн хамт олон юунаас эхэлж ногоон, эко байх ёстой вэ гэдгээ мэдэж, суралцах нь хамгийн чухал хандлага юм” гэлээ.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгүүд гадаад, дотоод орчин 2017 оны 5 сараас- 2019 оны 9 сар хүртэлх хугацаанд 43 хувиас 76 хувь буюу 33 хувиар сайжирч үүнд нийтдээ 17 тэрбум 361 сая орчим төгрөгийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг орон нутаг, улсын төсөв олон улсын байгууллагуудаас бүрдүүлж хүүхэд, багачууд, багш сурагчдын сурч боловсрох таатай орчинг бүрдүүлэхэд зарцуулжээ.

2017 онд Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн анхны “Хүрэл гэрэгэ”-г 41 сургуульд гардуулж байсан бол 2018 онд 70 сургууль “Хүрэл гэрэгэ”-тэй үүнээс 30 нь “Мөнгөн гэрэгэ” 9 нь “Ногоон туг”-аа гардан авч байжээ. Харин өнөөдрийн чуулганаар болзол хангасан 49 сургууль “Хүрэл гэрэгэ” 19 сургууль, цэцэрлэг “Мөнгөн гэрэгэ”, 9 сургууль “Ногоон туг” тэдгээрийн 6 нь 2 дахь “Ногоон туг” шагналыг гардан авлаа.

Чуулганы үйл ажиллагаанд нийслэл, орон нутгийн 100 гаруй эко сургууль, цэцэрлэгийн сурагч, багш, удирдлагууд, холбогдох яамдын албан хаагчид болон нийт 300 орчим хүн оролцож байгаагаас гадна ОХУ дахь Олон улсын Эко-сургууль хөтөлбөрийн 16 төлөөлөгчид оролцож байгаагаар онцлог болж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ