• Ирэх оны төсөвт үдийн цай, цэцэрлэгийн хоолны зардлыг 50 хувь нэмэхээр тусгажээ

    2019-10-15
    Ирэх оны төсөвт ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай 600, цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 1650, дотуур байрны хоолны 2315 төгрөгийг 50 хувиар нэмэгдүүлэхээр 57.1 тэрбум төгрөгийг нэмж тусгасан таатай мэдээ байна.

    Ингэснээр 2012 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан цэцэрлэг, дотуур байрны хоол, сургуулийн үдийн цайны тарифыг өөрчилж 180.9 тэрбум төгрөгт хүргэж байгаа юм.

    Өнгөрсөн онд НЭМҮТ  Мэргэжлийн  хяналтын ерөнхий газартай хамтран цэцэрлэг болон сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоол хүнсний хэрэглээнд үнэлгээ хийсэн байдаг Энэ үнэлгээгээр цэцэрлэгийн хүүхдийн сүү цагаан идээний хэрэглээ 9.2 хувиар, хүнсний ногооны хэрэглээ стандарт хэмжээнээс 42.3 хувиар, жимс жимсгэнийн хэмжээ 76.1 хувиар бага гэж гарсан.

    Тэгвэл хүүхдийн махны хэрэглээ зөвлөмж хэмжээнээс 20 хувиар, гурилынх 3.1 хувиар, будааных  62 хувиар, чихэрлэг хүнсний хэрэглээ 45 хувиар тус тус зөвлөмж хэмжээнээс их гарсан байгаа юм. Олдоц ихтэй, үнэ бага тул энэ төрлийн хүнсийг ихэвчлэн хэрэглэдэг  ажээ.

    Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолноос авах илчлэгийн хэмжээ зөвлөмжөөс 310 ккл-иар бага байсан. Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдэд хоолны мөнгө гэж ногддог 1650 төгрөгөнд тааруулж хүүхдийн өдөрт авах илчлэгийн хэмжээг бариулахын тулд хямдыг нь бодоод гурил, мах будааг голчлон хэрэглэж байгаа.

    Хүнсний ногооноос төмс, лууван байцаа зэргийг хүүхдийн хүнсэнд хэрэглэдэг бол амин дэм ихтэй нарийн ногоонууд авах боломж байдаггүй.Жимсний тухайд бол яриад ч хэрэггүй. Жимсний төрлийн зүйл хэрэглэлээ гэхэд аньс, нэрс, чацаргана зэргийг найруулж, ундаа байдлаар хүүхдүүдэд өгдөг . Ийн үдийн цай, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг  50 хувь нэмсэнээр шим  тэжээлтэй хоол хүнс хэрэглэх боломж бүрдэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ