• “Тогтвортой хөгжлийн зорилтыг  сурвалжлах нь” сургалт боллоо

    Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”-ноос “Тогтвортой хөгжлийн зорилтыг сурвалжлах нь” сэдэвт сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтыг НҮБ-ын суурин зохицуулагчийн газрын дэмжлэгтэйгээр өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

    Сургалтад өдөр тутмын сонин, мэдээллийн сайт, радио телевизийн сэтгүүлчид хамрагдав.

    Сургалтаар Эрэн сурвалжлагчдын төлөө төв болон Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн сургагч багш нар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар,  Үндэсний хөгжлийн газрын зочин багш нар  онол практик хослуулан хичээл заасан юм.

    Тухайлбал, Тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд боловсрол яагаад чухал вэ сэдвээр    Байгаль орчны мэдээлэл, сургалтын төвийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэгийн заасан  хичээлийн гол санаа нь “Тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэх гол  хөшүүрэг нь боловсрол. Бодлогын баримт бичиг хангалттай байдаг энэ бүгдийг уншаад цаад мөн чанарыг нь ойлгох хэсэг  цөөн. Тиймээс хамгийн энгийнээр өдөр тутмын амьдрал, өөрийн хэрэгцээнд тохирсон мэдээллийг өгөх нь хамгийн чухал. Сурна гэж холоос хайх биш, өдөр тутмын жижигхэн үйлдэлтэй нь уялдуулж мэдлэг, ойлголтыг өгөх нь хамгийн үр дүнтэй” гэсэн агуулга байв.

    Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Үндэсний сайн дурын илтгэлийг Үндэсний хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэн, Тогтвортой хөгжлийн үзүүлэлтүүдийг нягтлах нь сэдвээр Эрэн сурвалжлах  сурвалжлагчдын төлөө төвийн сургагч багш А.Амартүвшин нар илтгэл тавин хэлэлцүүлж, хичээл заалаа.

    Үндэсний хөгжлийн газрын бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Должинсүрэнгийн илтгэлд “Өнөөдрийн  байдлаар манай улсад 200 гаруй бодлогын бичиг баримт бий. Эдгээрийн 50 орчим хувь нь хэрэгжиж үр дүнд хүрэхээс илүүтэй цаасан дээр үлдсэн. Одоо хэрэгжиж байгаа бодлогын баримт бичгүүд хоорондоо ямар ч уялдаагүй, замбараагүй, нэгдмэл чанаргүй байгаа учраас үр дүнд хүрэх эсэх нь ойлгомжгүй. Үүнийгээ дагаад хариуцлагын тогтолцоо ярих боломжгүй байдал үүссэн. Засаглалын тогтвортой бус байдал энэ бүхэнд ихээр нөлөөлж байна” хэмээн онцолсон.

    Мөн энэ үеэр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын агуулгыг ард олонд энгийнээр тайлбарлан ойлгуулахад сэтгүүлчдийн үүрэг оролцоо маш чухал. Өөрөөр хэлбэл, энэхүү бодлогын бичиг баримтыг урт өгүүлбэрээр иргэдэд ойлгуулахаас илүүтэй энгийнээр өдөр тутмын амьдралтай нь дөхөм байдлаар мэдээлэх нь маш чухал. Тиймээс энэ удаагийн сургалт  ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэхэд цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээлээ.

    Дараагийн удаагийн сургалтад орон нутгийн сэтгүүлчдийг хамруулах бөгөөд онлайнаар “Тогтвортой хөгжлийн зорилтыг сурвалжлах нь” сэдвээр мэдлэг олгох юм.

    Сэтгүүлч Т.Бүдээхүү “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын  сэтгүүлчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр, уг баримт бичгийн дагуу УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг НҮТББ-ыг байгуулжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ