• С.Амарсайхан: Хоёр жилийн хугацаанд багадаа 30 мянган айлын орон сууц ашиглалтад оруулна

    “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-иас өнөөдөр “Туушин” зочид буудалд “Азийн хотуудын орон сууцны IV форумыг зохион байгуулж байгаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах тухай тодрууллаа.

    -Нийслэлийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа. Энэ форум ч гэсэн үүнд чиглэж байгаа байх?

    -Орон сууцны хөтөлбөрүүд өнгөрсөн жилүүдэд олон хэлбэрээр хэрэгжсэн. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө орсон хөтөлбөрүүд олон байгаа ч иргэдэд хүрэх хүртээмж бага. Яг иргэдэд ашигтай хөтөлбөр ч цөөхөн байгаа. Тиймээс бид эргэж харах шаардлагатай гэж үзсэн. Энэ жилээс эхлээд иргэдийг орон сууцтай болгохын тулд заавал төлбөрийн дарамт үзүүлэхгүйгээр зохихцуулъя. Мөн заавал барьцаа төлбөрөөр дарамталдаг биш, нэг бол газрыг нь чөлөөлж авчихаад, барилга баригдах эсэх нь тодорхойгүй байдлаар хохироодог асуудал гарч байгаа. Тиймээс хэзээ, хэн, хаана, ямар барилга барьж байгаа нь тодорхой. Хоёрдугаарт, орон сууцыг хэн дуртай нь юугаар ч хамаагүй барьдаг, ороогүй байхад нурдаг биш ямар чанартай, аль компани барьж байна. Ямар хугацаанд орох нь ойлгомжтой байх ёстой л гэж үзэж байгаа. Иргэд үр хүүхдээ барьцаалах шахуу болж байж орон сууцанд ордог. Үүнийг өөрчилж, зөв замд нь оруулах цаг болсон. Тиймээс бид Нийслэлийн Орон сууцны корпорациар дамжуулаад, бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжилтээ зөв хангаж, богино хугацаанд чанартай орон сууцаар хангая гэж байгаа юм. Гэхдээ хөнгөлөлттэй хэлбэрээр орон сууцанд оруулах. Түрээсэлдэг, түрээслээд өмчилдөг, зах зээлийнхээ зарчмаар худалдаж болдог ийм зарчмыг эхлүүлж байгаа. Эхний ээлжийн орон сууцууд ашиглалтад орж байна, хөтөлбөр ч амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бид хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Засгийн газар 150 мянган айлын орон сууцтай болох хөтөлбөр баталсан. 150 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 55 мянган байрыг олон байршилд барья. Гэхдээ нэг айлыг нүүлгээд, орон сууц барих гэж 3, 4 жил болдог биш. 10, 20, цаашлаад 100, 500 га газрыг шийдэж, орон сууц барих ажлыг хийе гэж шийдсэн. Хэд хэдэн байршилд ажлаа эхлүүлсэн.

    -Орлогод нийцсэн гэхээр жижиг ам.метртэй, хямдхан орон сууц барих уу. Хямдхан юм бүхэн л чанар муутай байдаг шүү дээ?

    -Орлогод нийцсэн гэхээр хямдхан байр барина гэсэн үг биш. Орлоготоо нийцүүлж түрээслээд, өмчилж авахыг хэлж байгаа юм. Тиймээс чанар муутай барилга бариад, иргэдэд өгнө гэж ойлгож болохгүй. Хоёрдугаарт нэг орон сууц барьсан бол нэг хашааны газрыг чөлөөлсөн байх ёстой. Нэг айл орон сууцанд орсон бол нэг яндан цөөрсөн байх ёстой гэсэн бодлогоо хатуу барьж явна. Өнгөрсөн хугацаанд маш олон айл орон сууцанд орсон. Гэхдээ тэр хэрээр яндангийн тоо цөөрөөгүй, харин ч өссөн гэдэг тооцоо гарсан. Үүнээс гадна, сар гаруйн өмнө бид УИХ-аар оруулж, 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууц барих санхүүгийн асуудлыг шийдүүлж авсан. Одоо зураг төсөл, эдийн засгийн тооцоо, нарийвчилсан төлөвлөлтөө гаргаад, ирэх хавраас эхлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ хот өөрөө хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дадлагатай, туршлагатай барилгын компаниуд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч ажиллана. Хот бодлогоо л хангана, хяналтаа тавина. Орон сууцыг барих, дэд бүтцийг нь шийдэх ажлыг хувийн аж ахуйн нэгжүүдэд хариуцуулна. Тэд өөрсдөө хөрөнгөө оруулж, менежментээ хийж, барилгаа барьж, үйлчилгээгээ үзүүлнэ. Ингэж байж барилга барьчихаад зарж чаддаггүй биш. Иргэд худалдаж авч чаддаггүй биш, аль аль нь эдийн засгийнхаа хувь бие биенээ тэтгэх боломжтой болох юм.  Энэ хүрээнд анх удаа “Азийн орон сууцны форум”-ыг Монголд зохион байгуулж байна. Түрээсэлдэг, түрээслээд өмчлүүлдэг, аж ахуйн нэгжүүдийг ажилдаа оролцуулдаг хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай 7 орны жишгийг бид судалж, тэдний санааг сонсч байна. Түүний дараа бид авахаа аваад, хөрсөндөө буулгах юм.

    -Иргэдэд орон сууцны зээлийн урьдчилгаанд өгөх мөнгө алга. Түрээслээд, түрээсэнд өгсөн мөнгөө урьдчилгаа болгодог хувилбарыг маш их сонирхож байна. Яг энэ боломжийг л ярилцаж байна гэж ойлгож болох уу?

    -Яг л наад хувилбарыг чинь ярилцаад байгаа юм. Иргэдийг орон сууцжуулах ажил хамгийн зөв, хурдан яаж явах вэ. Бид аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоотой бүтээн байгуулалтаа хийнэ, барилгаа барина. Иргэдээ дараа нь оруулна. Иргэд урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд орлоо, ам.метрээсээ шалтгаалаад мөнгөө төлнө. Тэгээд 5, 10, цаашлаад 20 жилийн дараа орон сууцаа өөрийн болгоно.

    -Иргэдийг урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцанд түрээсийн журмаар оруулах хамгийн ойрын төсөл юу вэ?

    -“Буянт-Ухаа” цогцолборын орчимд барьж буй 800 айлын орон сууц байна, хавраас ашиглалтад орно. Морингийн даваанд бид 8000 айлын орон сууцыг барихаар төлөвлөж байна. Сэлбэ-Баянхошуу дэд төвд 10 мянган айлын орон сууц барина. Ирэх хавраас ажил нь эхлээд хамгийн наад зах нь ондоо багтаад орно. Цаашлаад хоёр жилийн дотор багадаа 30 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна. 4 жилийн дотор 55 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Газраа чөлөөлчихсөн, зураг төслөө боловсруулсан, санхүүжилтээ шийдвэрлэсэн. Одоо бодлогоо л зөв хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал агаарын бохирдол илүү бодитоор буурах боломжтой.

    -Зах зээлд бэлэн 55 мянган айлын орон сууц байна гээд ярьдаг. Гэхдээ яг бодит тоо биш байх, хүн бүр л янз бүрээр ярьдаг. Бэлэн болчихсон орон сууцуудыг ашиглаж, түрээсийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байхгүй юу?

    -Зах зээлд яг 55 мянган айлын орон сууц байхгүй. Бүрэн дууссан 4-5 мянган айлын орон сууц л байна. Нийслэл өөрөө арилжааны болон Монгол банктай хамтраад, зах зээлд байгаа орон сууцыг худалдаж аваад, барилгын компаниуд хүндрэлээс гаргах. Орон сууцанд орох хүсэлтэй иргэддээ түрээслэх тусдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Оноос өмнө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлчих байх.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ