Хоёр хуульд өөрчлөлт оруулснаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах боломжтой болов

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд ч өөрчлөлт орууллаа. Ингэснээр Ард нийтийн санал асуулга явуулах болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баталсан УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээн авсантай холбоотойгоор Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл” гэсэн нэр томьёотой холбоотой нийт 26 хэсэг, заалтад холбогдох өөрчлөлт орж, Үндсэн хуультай нийцүүлсэн юм.

Тухайлахад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн гол үндэслэл нь “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт байсан.  Харин шинэ нэмэлт өөрчлөлтөөр “Үндсэн хуулийн өөрчлөлт нь хууль байна” гэсэн заалтыг хасахаар болсон.

Бас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тодруулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталгаажуулах хүрээнд хугацаа заасан төдийгүй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийн санал хураалт явуулах үндэслэлийг тодорхой болгосон аж.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотойгоор УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмж, хууль хоорондын зөрчлийг арилгасан байна. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд байнгын хороо болон нам, эвслийн бүлэг саналын түвшинд харгалзан үзсэнээс бусад төсөлд тусгагдаагүй шинэ хэсэг, заалтын томьёолол санал, дүгнэлтдээ оруулахгүй байхаар хуульчилжээ.

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй боловч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр “унасан” зарим саналын талаар эргэж ярихыг АН-ынхан шаардаж байна.

Тэдний унасан санал нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зэрэг асуудал юм. Тэгвэл дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь зөвшилцлийн ажлыг урагшлуулах нэг алхам болж байгаа аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Зөвшилцөх ажлын хэсгээс гарч байгаа зарим заалтыг нэмэх гарц бий болгох зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталлаа” хэмээсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ