• Б.ДАШЦЭРЭН:Бизнес эрхлэгчдийг хуулиар далайлган залхаан цээрлүүлдэг асуудал газар авсан

    Бизнесийн салбарын залуу төлөөллүүдийн нэг болох “ДААДАА ГРУПП” ХХК-ны Ерөнхий Захирал Б.Дашцэрэнтай цөөн хором ярилцлаа.

    -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач.

    -Сайн байна уу? Танд бас энэ өдрийн мэнд. Намайг Батсайханы Дашцэрэн гэдэг. “Даадаа Групп” ХХК-ны  захирал.

    “Даадаа Групп” ХХК байгуулагдаад хичнээн хугацаа өнгөрөв. Ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

    -Анх 2013 онд үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн оноос группийн хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор мах махан бүтээгдэхүүний экспорт, барилга угсралт, аялал жуулчлал гэсэн гурван чиглэлээр салбар компаниуд маань тусгай зөвшөөрлүүдээ авсан, үйл ажиллагаа нь жигдэрсэн ажиллаж байна. Энэ жилийн хувьд шинээр авто лизингийн үйл ажиллагаа эрхлэх гээд зах зээлийн судалгаа болон  бизнес төслөө боловсруулж дууссан хөрөнгө оруулагч нарт танилцуулах ажил маань явагдаж байна.

    -Таны хувьд залуу хүн хирнээ бизнесийн өргөн цар хүрээтэй салбарт хөл тавьсан нь харагдлаа. Ер нь бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлууд цөөнгүй байгаа байх…

    -Өнөөдрийн  21-р зууны Монгол улсыг  Дэлхийн бусад оронтой харьцуулахад  эдийн засаг болон, техник технологи,  хууль эрх зүйн орчин, хувь хүний хөгжил, соёл, ухамсарын хувьд  бүс нутагтаа нэлээд хоцрогдмол байна гэж би дүгнэдэг. Ялангуяа бизнесийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох түүнийгээ дагаад зөв сэтгэлгээтэй,  чадвартай сайн боловсон хүчинүүдийг салбар салбараар нь бодлоготойгоор бэлдэж, дэмжих зайлшгүй  хэрэгцээ шаардлага бий.   Гэхдээ шууд төр засагт буруу өгөхөөс урьтаж бидэнд нэг асуудал байна. Залуучууд залхуу байна. Ажил хийх дургүй, цалин голдог, амар хялбар аргаар мөнгө олохыг эрмэлзэх болсон. Ажлын хариуцлага гэдэг зүйл бол яриад ч хэрэггүй. Үүнээс үүдээд манайх шиг жижгээс дунд түвшинлүү ахиж яваа компанид ажлын байрыг хадгалах, боловсон хүчний тогтвортой байдал гэдэг  нэн тэргүүний асуудал болоод байна.  Энэ нь хувь хүний ухамсар, хариуцлагатай байдал, идэвх чармайлттай хамгийн их холбоотой. Сүүлийн үеийн судалгаанаас харахад ажлын байрны эрэлт их байдаг боловч ажил хайгч, горилогч нь цөөн. Тэгсэн хирнээ статистикийн мэдээгээр улсын хэмжээнд ядуурлын төвшин өндөр гарах болсон. Түүнээс биш хууль эрх зүйн хувьд манай улс нам зогсчихсон юм байхгүй. Хөгжлийнхөө явцад боловсронгуй төвшинд дөхөж яваа гэж хардаг.

    Жижиг, жижгээс дунд төвшинд ахиж яваа бизнес эрхлэгчдэд улсаас ирдэг нэг дарамт нь ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болоод бна. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар татвараас хоцорсон тохиолдолд шууд Монгол банкны хар жагсаалтад ордог болсон . Энэ нь эргээд  арилжааны банкууд болон ББСБ-аас зээл, тусламж авч бизнесээ өргөжүүлэхэд хаалт  болдог болчихлоо, нөгөө Монгол банк нь ямар шалгуураар хар жагсаалтанд оруулаад байгаа нь ч тодорхой бус  нэг сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд  шууд энэ жагсаалт руу оруулж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр.  Үүнийг төр засгийн талаас хариуцлагажуулах арга хэмжээ  хэмээн ойлгож болох  боловч нөгөө талаасаа нийгэм, цаг үетэйгээ уялдуулж  ажил олгогч нартайгаа ярилцаж  уян хатанаар  шийвдэрлэх  нь зүйтэй юм болов уу гэж ажил олгогчийн   өнцгөөс харж байгаа.

    Дараагийн нэг асуудал бол хууль эрх зүйн орчин төгс бүрэлдээгүй байдал юм. Нэн ялангуяа зөрчлийн тухай хууль, эрүүгийн хууль. Эдгээр хуулиудаар хуулйин байгууллагын шударга бус цөөн тооны ажилчидаар  ажил олгогчдыг шахан боодог, залхаан цээрлүүлдэг асуудал сүүлийн үед их газар авч байна.  Үүнийг хэлж ярьдаг залуучууд их цөөн байна л даа. Хэн сайн дураараа манхы машинд орохыг хүсэх билээ.

    -Монгол улс бизнес явуулахад зах зээлийн хувьд жижиг санагддаг. Та бизнес эрхлэгчийн хувьд хэрхэн хардаг вэ?

    -Аливаа улсын зах зээл дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг үзүүлэлтээр хэмжигддэг. Манай улсын ДНБ сүүлийн  жилүүдэд  хурдацтайгаар өсч байна.  Гэвч  хүн ам цөөнтэй., газар нутгийн болон засаг захиргааны хувиарлалт,  хүн амын тархан суурьшилт, худалдан авах, бэлтгэн нийлүүлэх чадвар  зэргээс хамаараап бизнес эрхлэх тийм ч амар биш. Энгийнээр бодоод үзэхээр нийт хүн амын хэд нь өндөр настан хэд нь хүүхэд, хэд нь оюутан билээ гэдэг тооцоо хэрэгтэй. Үүнээс үүдээд хэд нь баялаг бүтээгч вэ гэдэг хүн ам зүйн тооцоолол хийхээр бага зах зээл мөн. Гэхдээ бага гээд зүгээр суухын оронд хил орчмын бүс нутгийн бизнесээ өргөжүүлэх, бодлогоор дэмжих хэрэгтэй санагддаг. Хил залгаа хоёр том гүрнээс ямар бараа  бүтээгдэхүүн, техник технологи оруулж ирж,  өөрсдөө ямар бараа бүтээгдэхүүн, түүхий эд эээ гаргах боломжтой байна гэдгээ сайн судлах хэрэгтэй юм болов уу.

    -Бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжвэл аль аль талдаа таатай, өсөн дэвжих боломжтой вэ?

    -Өнөөгийн нийгмийн хөрсөн дээр буусан хуультай баймаар байна. Мэдээж үүнд цаг хугацаа хэрэгтэй. Үүнээс гадна аливаа хуулиа ард иргэддээ сурталчлан таниулах шаардлагатай санагддаг.

    Өнөөдөр шинэ бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа хамгийн том дарамт бол яах аргагүй санхүүгийн дарамт. Үүнээс ангижирч байж бизнес тэлнэ, улс хөгжинө. Үүнээс гадна мэргэжилтэй боловсон хүчин аль ч салбарт дутагдаж байна. Мэдлэгтэй боловсон хүчин, бизнес эрхлэх таатай нөхцөл хоёр салшгүй холбоотой. Тиймээс  гажуудалтай байгаа боловсролын тогтолцоондоо анхаарах цаг нэгэнт ирсэн.

    -Та ажил олгогчийн хувьд боловсон хүчнээсээ юуг шаарддаг вэ?

    -Мэдээж ажил олгогчид тодорхой хэмжээний шалгуур тавьдаг. Ажлын бүтээмжид нь таарсан тодорхой хэмжээний цалин хөлс  өгч байгаа учир стандарт шалгуур, шаардлага байх хэрэгтэй.  Гэхдээ манай байгууллагын хүний нөөцийн бодлогод дээд боловсрол, дипломыг голчилж үздэггүй, эхэнд тавьдаггүй. Тухайн хүний ажилдаа хандаж байгаа хандлага, зохион байгуулалт, үнэнч байдал, эерэг тэмүүллийг нь чухалчилдаг. Үүний дараа стандарт шалгуур үзүүлэлтүүдийг нь харна. Ер нь ажил олгогч нар диплом гэдэг зүйлийг хамгийн сүүлд тавигдах шаардлага гэж боддог байвал зүгээр санагддаг. Тиймдээ ч манай байгууллагын хүний нөөцийн бодлого бусад байгууллагаас өөр.

    -Таны бизнесийн зарчим юу вэ? Нуулгүй хэлэхэд ихэнх бизнесменүүд мөнгө ол, илүү их ол гэдэг зарчимтай юм шиг санагддаг л даа.

    -Шударга байх, зөв байх. Мөнгө бол үүний дараа тавигдах тийм ч чухал зүйл биш. Учир нь би өөрийнхөө дуртай зүйлийг хийж байна. Мөн өөрийн хүрч болох, гарч чадах хамгийн дээд оргилийг үзэх, мөрөөдөлөө биелүүлэх гэж зорьж яваа болохоос биш мөнгийг чухалчилж энэ ажлыг эхлээгүй. Хүнд мөнгө хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ зүгээр л хэрэглээ.

    Мэдээж байгууллага ашигтай ажиллах ёстой. Гэхдээ тэр олсон ашиг орлогоо зөв, сайн менежменттэйгээр хуваарилах нь хамгийн чухал.

    Би өнөөдөр бизнес эрхлэгч, хэн нэгэнд мөнгөний араас явж буй мэт харагддаг байх. Гэхдээ манай байгууллагын ажил амжилттай байвал түүний цаана Монгол улсын цөөхөн ч болов гэр бүл ажилтай, орлоготой, аз жаргалтай байна. Энэ нь эргээд улс, эх орондоо оруулж буй иргэн хүний хөрөнгө оруулалт болж байх ёстой юм шүүдээ.

    Улс, эх орондоо  хэрэгтэй хүн байна гэдэг сайхан.

    Бизнесийн салбар, түүнд тулгамдаад байгаа асуудлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, эрхэлсэн бизнест нь амжилт хүсье!

     

     

    М.Март

    Эх сурвалж:Chuham.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ