• Г.Эрдэнэбаатар:Дуурийн театрынхаа уран архитектур талд гар хүрэхгүй, ар талыг нураагаад өргөтгөл барих тухай л шийдвэр шүү дээ

    2019-10-14

    Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын Ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрээр театрт 1979 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа ахмад үеийнхний нэг билээ.

    -Театрыг шинэчлэх тухай асуудлыг хэсэг бүлэг хүмүүс шүүмжлээд байх юм. Таны хувьд ямар бодолтой байна вэ. Театрын бодит нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүн маргаангүй та?

    -Театрыг шинэчлэнэ, сэргээнэ гэдэг яриа сая гарч байгаа юм биш. 1990 оноос эхлээд ярьсан.Нээх сайхан капитал засвар хийх юмсан гэж үе үеийн дарга нар ярьдаг л байсан. Өмнө Соёл, спортын яам гэж байгаад татан буугдсан даа . Энэ үед манай театрын даргаар нэг сэтгүүлч эмэгтэйг томилсон. Тухайн үед 365 сая төгрөгийг манай театрт яамнаас шийдэж өгсөн байдаг юм. Тэгэхдээ их засвар хийлээ гэж мэдээлээд байсан. Ийм болчимгүй мэдээлэл хийж болохгүй л байсан юм.Ийм хэмжээний мөнгөөр театр яаж их засвар хийх юм бэ.

    Мэргэжлийн бус хүмүүс багцаагүй, баримжаагүй ингэж  ярьсан байдаг юм.Жигтэйхэн театрт хайртай сэтгэлтэй хүмүүс болж шоудаж байсан байхгүй юу. Үүнийг хүмүүс их засвар хийгээд сайхан болчихсон гэж ойлгосон байж магадгүй юм. Өнгөлөн далдалт хийсэн л засвар болсон.

    Хамгийн анх Германы архитектурчин манай театрын  зураг төслийг нь гаргасан байдаг. Тэр үед газар хөдлөлт зэрэг байгалийн эрсдэл олон жилийн дараа яах вэ гэдэг нөхцөл байдлыг харж дүгнэх тооцоолох шинжлэх ухаан манайд хөгжөөгүй байсан.

    1945 оны дайны дараа манай улсад олзлогдсон япон цэргүүд түр байсан юм билээ. Энэ цэргүүдээр бариулсан гэдэг түүхтэй. Зураг төслийг нь гаргасан анхны хүн нь байхгүй. Монголоос хариуцаж байсан барилгын нэг хүн байсан байх л даа.  Инженерийн тооцоолол Монголд төлөвшөөгүй байсан тэр үед баригдсан барилга. Газрын хөрс нь зөөлөн мөнх цэвдэгтэй гэж ярьдаг байсан юм. Зуун айл, Багшийн дээд гэх мэт нэлээн олон газрыг хамарсан хэсэг  газар доороо цэвдэгтэй гэж ярьдаг байсан.Сэлбэ, Туул голын ус татарсантай холбоотой юм байлгүй  сүүлийн 20-иод жил манай театрын подволь руу   ус орж ирэхээ больсон.

    1980-аад онд биднийг  залуу  байхад зун бороо ороогүй байхад л  подвалийн бүх өрөө рүү шагайнаас дээгүүр, заримдаа өвдөгнөөс доогуур  ногоон ус цэлийгээд ороод ирчихсэн  байдаг байсан.   Би театртаа олон жил болсон театраа сайн мэдэх хүний хувьд мөн алтан үеийнхний яриаг сонсож, хамт ажиллаж явсан хүнийн хувьд сайн мэдэж байна.

    Театрыг барихад мод их орсон байдаг.Ийм зуслангийн байшин шиг шувуун нуруутай театр хаана ч байхгүй. Бальшоё театрын наад талын жижигхэн галерейн хэсэг нь шувуун нуруутай байдаг боловч өөрийнх нь тооцоолж барьсан шувуун нуруу юм  шиг байна лээ. Манайх шиг хэдэн мод босгоод тагтаа шувууны сангас дүүрсэн шувуун нуруу байдаггүй юм. Дотроо тохилог өрөө тасалгаатай зориулалтаар нь барьсан байх жишээний.

    Дэлхийн театрууд байгалийн үзэгдлийг яг бодитоор харуулж байхад манайх айлын зурагт авч ирээд тавьчихсан юм шиг бөөн гэрэл гэгээ цацарсан юм, жүжигчдийнх нь нүүр царай харагдахгүй байх л жишээний байна даа.

    Бид үзэгчдэдээ оюуны хөрөнгө оруулалт, сэтгэлийг нь ариусгах ажил хийдэг. Тоглолтоо тавиад байж байхад бидний толгой дээр 20-иод тоннын жинтэй төмөр, моднууд өлгөөтэй байна. Театрын галын аюулаас хамгаалах төмөр хөшиг гэж байдаг. Ганц кноп дарахад автоматаар буудаг эд нь энэ юм.Гэвч түүнийг тогтоон барьж байгаа зүйлс нь ямар байгааг мэдэхгүй. Нэг өдөр хугарч унах эсвэл гагнаас нь салах аюултай.

    Үзэгчдийн зааланд байгаа гэрлийн бүрхүүл нэлээн дээхнэ нэг удаа унасан гэдэг юм.

    Баталгаатай сайн бэхэлсэн гэдэг боловч сүүлийн 20,30 жил яаж өөрчлөгдөж, ямар болсныг хэлж мэдэхгүй байна. Кранаар татаад дээр нь түгжсэн байдаг юм.Түгжээ нь зэвэрсэн хуучирсэн, түгжээг барьж байгаа бетонон шавар элэгдсэн гэж бодож байна.

    Гай түйтгэр хэзээ ирнэ гэдгийг хэлж мэдэхгүй, хэрэв  үзэгчид танхим дүүрэн үзвэр үзэж байхад 2,3 тоннын жинтэй гэрлийн бүрхүүл  доошоо унах юм бол их аюул болно.

    Би муу амлаад байгаа юм биш ийм нөхцөл байдал үүсэх хэмжээнд элэгдэж муудсан гэдгийг хэлж байна. Энэ мэт зүйлсэд хэн ч баталгаа өгөөгүй, өнгөрсөн хугацаанд засаж янзлаа ч үгүй. Ханын цууралт, мөөгөнцөр цахилгаан, шугам сүлжээ гэх мэт асуудлаас илүүтэй ийм нэг аюул байгаа юм.

    -Олон нийтийн дунд энэ барилгыг газрын хөрстэй тэгшлээд  нураана гэсэн ойлголт яваад байх юм. Угтаа бол нураах тухай яриа биш шүү дээ?

    -Анхнаасаа хэн ч нураана гэж яриагүй. Энэ барилгынхаа уран архитектур талд гар хүрэхгүй гэж ярьсан. Энэ нь талбай руу харсан хэсэг шүү дээ.  Яагаад ингэж буруу тийш нь нийгмийг турхираад байгааг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Би хувьдаа улстөржүүлээд байна гэж харж байгаа.

    Манай театр урд болон хойд гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Урд хэсэг нь үзэгчид орж ирдэг, үзвэр үздэг танхим. -Анхнаасаа хэн ч нураана гэж яриагүй. Энэ барилгынхаа уран архитектур талд гар хүрэхгүй гэж ярьсан. Бүгдийг нь нураагаад шинээр энэ төрхийг нь хадгалаад барьж болох байх л даа. Гэхдээ мөнгө нь хүрэхгүй, байх ч үгүй. 100 тэрбум төгрөг байвал яг таг дуурайлгаад шинээр барьж болох байх. Гэтэл одоо 4 тэрбум төгрөг л яригдаж байгаа асуудал.

    Театрыг газартай тэгшилж байхгүй  болгох гээд байгаа юм биш шүү дээ. Ард түмэн энэ театрыг хайрладаг,  нураана гэхээр сэтгэл өвдөх нь аргагүй. Ийм буруу мэдээлэл зориудаар тараагаад сэтгэл дээр тоглож л харагдаад байна.

    Уг нь Ерөнхий сайд Хүрэлсүх үнэхээр холын хараатай чухал шийдвэрийг гаргасан. Түүхэндээ байгаагүй шийдвэр шүү. Урлагийнхан үнэхээр баярлаж хүлээж авсан. Гэтэл хэл амнаас болоод салбарын сайд төсвийг нь зогсооё гэсэн юм ярьчихлаа.

    Би сайдын өөрийнх нь үг биш гэж бодож байгаа. Өөрөө уг нь тийм үг хэлэх хүн биш. Түүх судлаач хүн шүү дээ. Улс төрийн нөлөө орчихлоо гэж хардаж байна. Улс төрийг урлагтай хольж хутгаж огтоос болохгүй. Холих юм бол аль аль нь явахгүй. Уг нь 4 тэрбумаар дээр хэлсэн осол гэмтэл аюулаас хамгаалсан асуудлыг шийдээд барилгын ар талын хэсгийг нураагаад багахан газар дээр нь өргөтгөл барих тухай л асуудал юм шүү дээ үнэн дээ. Дуурийн ар талын хэсэг үнэндээ хэцүү. Урд талд нь гар хүрэхгүй гэж би хэлсэн. Уран бүтээлч ажилчдын өнөөдөр байгаа нөхцөл байдлыг л сайжруулах тухай яриад байгаа юм.

    -Ар талын хэсэг ямар нөхцөл байдалтай байгаа юм бэ?

    -Манай тайз маш аюултай. Цаашлаад уран бүтээлчид, ажилчдын өрөө үнэндээ хэлэх үггүй хэцүү. Манайхаас бусад дэлхийн бүх театруудад нэг өрөөнд 2 за дээд тал нь 3 уран бүтээлчийн нүүр будгийн ширээ 10 мкв өрөөнд байна.

    Гэтэл манайд 3,4 метр квадрат өрөөнд долоо, наймуулаа чихэлдээд сууж байна. Хувцас хунар нь багталцахгүй.

    Галын аюул гарлаа гэхэд 6-хан хаалгатай. Гадны театрууд 20 хаалгатай.

    Манай үйлчилгээний ажилчид маш сайн цэвэрлэгээ хийдэг. Олон цагаар хүнд ажлыг хийдэг хүмүүс. Үргэлж арчаастай зүлгээстэй, байнга чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Яагаад гэхээр хуурайшилт маш их. Тэгээд өрөө тасалгаа нь агааргүй.

    Найрал дуучид байх ёстой стандарт өрөөнөөсөө 4 дахин бага умгар өрөөнд 60,70-уулаа чихэлдээд бэлтгэл хийдэг.

    Агаар орох ямар ч боломжгүй учраас сэнс тавиад эргүүлж байх жишээний. Өвөл хэчнээн дулаалга хийгээд ч нэмэргүй. Үзэгчдийн танхим маш хүйтэн байдаг. Ямар сайндаа агааржуулалт ажиллууллаа гэж загнуулж байх вэ дээ.

    Театрын урын сан хүний тоо нь ч өнөөдөр хэд дахин нэмэгдсэн. Анх 40 хүний бүрэлдэхүүнтэй Хөгжимт драмын театр гэж байгуулагдаж байсан бол одоо 300 орчим орон тоотой дуурь, балетын театр болсон байна.Анх 40 хүний бүрэлдэхүүнтэй Хөгжимт драмын театр гэж байгуулагдаж байсан бол одоо 300 орчим орон тоотой дуурь, балетын театр болсон байна.

    Дэлхийд манайх шиг ийм нөхцөл байдалтай дуурь, балетын театр хаана ч  байхгүй. Өвөрмонголд л гэхэд дуурийн театр байхгүй атлаа манай театраас хамаагүй илүү стандартын шаардлага хангасан театртай болсон байна.

    Хүний харьяанд байдаг улс ийм байхад тусгаар тогтносон манай улс яагаад энэ асуудлыг буруу өнцгөөс хараад байгааг би ойлгохгүй байна.

    Үнэхээр ичгэвтэр байна. Гадаадын том, том уран бүтээлчдийг бид нар авчрахаасаа үнэхээр ичдэг ш дээ. Заримдаа болих тохиолдол байна. Дэлхийд Монгол Улсыг нүд болгоод яах юм бэ. Ирээд цаашаа ярина.

    Ирсэн хүмүүсээ хамгийн гайгүй гэсэн өрөөнд нь оруулдаг юм. Тэгсэн ч хана туурга, гэрэл чийдэн цонх гээд асуудалтай л байгаа юм чинь яах юм бэ. Үнэн төрхөө амьхандаа л нууж байгаа ч нүдэн дээр байгаа асуудлыг яалтай билээ.

    Сая “Хөхөө Намжил” дуурь тоглоход морьтой хүн дээшээ нисэх ёстой байхгүй юу. Бид янз бүрийн аргаар далавчтай морины толгой хийгээд “Хөхөө Намжил”-аа үүл зурж  байгаад газраас  нисэх гэж байгаа байдалтай харууллаа.Дээшээ нисэх гэж байгаа хэсэг нь хөгийн юм болсон. Олс шиг юмаар татаж байгаа юм. Атиралдаж, татганаад жоохон л явсан.  Гэтэл гаднын театрууд яг нүдэн дээр нисэж байгаа юм шиг л харагддаг. Бид нар аль хэдийнэ хоцрогдсон гар аргаараа л үзээд байдаг. Үзэгчид түс гээд инээлдэж  байгаа юм л даа.

    Бид орчин үеийн дэлхийн стандарт хангасан тайз, өрөөнд уран бүтээлээ туурвимаар байна. Уран барилгаа нураахгүй, одоо тоглож байгаа тайзынхаа аюулгүй байдлыг нь хангачихаад түүхэн тоглолтуудаа тогломоор байна. Шинээр барих өргөтгөлдөө орчин үеийн тайзан дээр шинэ тоглолтоо тавьдаг байх тухай яриад байгаа юм шүү дээ. Өнөөгийн энэ нөхцөлд уран бүтээл туурвихад үнэхээр хэцүү байна.

    -Энэ театрт та хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

    -Би дуурийн театрт хамгийн олон жил ажиллаж байгаа хүний тоонд орж байх шиг байна.Надаас өмнөх алтан үеийнхэн маань  байхгүй, багш нараас цөөхөн хүн үлдэж дээ. Хамт ажилладаг үеийнхэн маань тэтгэвэртээ гарсан байна. Миний хувьд шаардлага байгаа болохоор найруулагчаар ажиллаад байж байна. Би анх 1979 онд Хөгжим бүжгийг төгсөөд  дуучнаар театртаа орж байлаа.  1987 онд Москва руу театрынхаа захиалгаар явж, найруулагч болж ирсэн. Үүнээс хойш өнөөг хүртэл байж байна.

    Театр маань 1950 онд баригдсан.Би 1979 онд ирсэн гэхээр 29 жилийн дараа ирсэн  байгаа биз.Тэр үед бас ч гэж гайгүй танагтай байж. Одоо театр маань 69 жил 70 дахь жил рүүгээ орох гэж байна.

    Миний амьдрал залуу халуун нас яалт ч үгүй л энэ театртай холбоотой юм даа.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ