• ЭХЭМҮТ-д зургаахан хоногтой нярайн бөөрний хавдар авах дурангийн мэс заслыг амжилттай хийлээ

    2019-10-11

    ЭХЭМҮТ-д монгол, орос, америк хүүхдийн мэс засалч, мэдээгүйжүүлгийн эмч нарын чуулган болж, хүүхдийн мэс заслын салбарт гарсан эмчилгээний шинэ аргуудын талаар мэдээлэл солилцох, өөрсдийн шинээр нэвтрүүлсэн эмчилгээний талаар харилцан туршлага солилцох уулзалт энэ  сарын 8,9-ний өдрүүдэд болсон билээ.

    Тэгвэл өчигдөр дээрх гурван орны хүүхдийн мэс засалчдын хамтарсан баг төрөөд зургаан хонож буй нярайгаас эхлээд 12 настай хүнд өвчтэй нийт зургаан хүүхдэд нарийн түвэгтэй мэс заслуудыг амжилттай хийжээ. Тодруулбал, төрөөд зургаахан хонож буй нярайд уушгины илүү дэлбэнг тайрах, бөөрний дээд булчирхайн хавдартай байсныг дурангийн мэс заслын аргаар авсан байна. Ийм төрлийн хавдрыг манайд өмнө нь нээлттэй мэс заслын аргаар авдаг байсан бол дурангийн мэс заслын аргыг амжилттай нэвтрүүлж байгаа нь анх удаа юм.

    ЭХЭМҮТ нь 90 жилийнхээ түүхэнд, Хүүхдийн мэс заслын 65 жилийн хөгжлийн түүхэнд анх удаа дэлхийн жишигт хүрсэн, нэгдүгээр зэрэглэлийн мэс заслын хэсэгтэй боллоо. Монгол улсын Засгийн газар, Сангийн Яам, Эрүүл Мэндийн Яамны дэмжлэг, улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хагалгааны хоёр өрөө, туслах найман өрөө, нийт 10 өрөө бүхий хагалгааны хэсгийг ашиглалтад албан ёсоор өчигдөр хүлээн авсан.

    Тус эмнэлэгт 2009 онд хүүхдийн 6000 гаруй мэс засал хийж байсан бол 2018 онд 11137 мэс засал хийжээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ