ФОТО:Төвөдийн жаран

Төвөдийн өнгөрсөн, одоо үеийн нийгэм, соёл ахуйн байдлыг дэлгэн харуулсан “Төвөдийн  жаран” үзэсгэлэн өнөөдөр Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Монголоос гэрэл зурагчин Б.Рэнцэндоржийн хамт долоон сэтгүүлч Төвөд орноор долоо хоногийн хугацаанд аялсан аяллын тэмдэглэлээ ийнхүү үзэсгэлэн болгон дэлгэжээ.

Орчин цагийн Төвөд орныг гэрэл зурагнаа буулгасан Б.Рэнцэндорж ” Явахаасаа өмнө Төвөдийн талаар баримт, мэдээлэл судалсан боловч тэнд очиход төсөөлж байснаас тэс өөр орон угтсан. Төвөд орны өнөөгийн хөгжил цэцэглэлт, аж амьдрал, түүх соёлыг үнэн бодит баримтат гэрэл зургийн хальснаа буулгахыг хичээлээ.  Энэ удаад шахуу хөтөлбөрийн дагуу явсан учраас  дараа заавал Төвөд орныг дахин зорих нууцхан хүсэл төрсөн шүү” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Хүмүүс Төвөд гэхээр Буддын шашин, лам, Ботала хийдтэй холбож боддог бол энэ үзэсгэлэнг Төвөдийн тэс өөр өнцгөөс нь гарган харуулжээ.

Жаран жилийн өмнө аль нэг сүм хийдэд шавилан суухаас өөр амьдрах аргагүй байсан төвөд жаалууд өдгөө орчин цагийн шинжлэх ухаанд шамдахын зэрэгцээ үндэснийхээ бичиг үсгийг ч гаргууд эзэмших болжээ. Боловсрол, шинжлэх ухааны төлөөх энэ чиг хандлагын хажуугаар өөрсдийн өв, ахуй соёлыг эн тэнцүү хадгалан явах ард түмэн юм. Төвөдийн үндэсний их сургуулийн нэгэн тэргүүлэх чиглэл нь өөрөө Төвд судлал. Ийнхүү орчин цагийн шинэлэг зүйлсийг нэвтрүүлэхдээ уламжлалт соёлоо заавал шингээдэг нь өөрөө Төвөд онцлог юм болов уу. Их сургуулийнх нь хонгилуудад байх ширээ нь хүртэл зүгээр ч нэг ширээ биш хээ хуартай ширээ.. Тэр ширээн дээр нь Nike-ийн цүнхтэй залуу хичээлээ хийн суух зураг нүдэнд тусна.

Нэг сая орчим оршин суугчтай, шил толь мэт шинэхэн дэд бүтэцтэй нийслэл Лхас хотод нь орчин цагийн түргэн хоолны газруудаас авахуулаад амьд хөгжмийн дуу байнга хангинах баар, цэнгээний газрууд ч бий. Эдтэй зэрэгцэн Монголчуудын “Их зуу” гэж нэрлэдэг хамгийн эртний сүм хийдийн цогцолбор нь өдөртөө жуулчдын хөлд дарагдаж, харин орой нь хурал номоо хурна. Шашны өлгий нутаг гэдгээрээ тэд жуулчдыг ихээр татдаг бололтой. Энд ирсэн хүн боловч шашны эд зүйл заавал аван явдаг ёстой.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ