• Үндэсний номын сан, УДЭТ, УДБЭТ-ын барилгуудыг шинэчлэх цаг болсон

    Засгийн газар УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэн барих шийвдэр гаргаж, зураг төсвийн тендэр зарласан ч нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс соёлын өв болсон хуучин барилгуудыг нураах нь буруу хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн.

    Үүнтэй холбоотойгоор, Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүй болсон тухай энэ сарын 8-нд буюу өнгөрсөн мягмар гарагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн.

    Тэгвэл Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэдний хувьд хөрөнгө оруулалтыг зогсоох нь буруу. Зайлшгүй хийгдэх ёстой, нэн шаардлагатай ажил гэдгийг онцолж байлаа.

    Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу: Соёлын барилгыг шинэчлэх ажлыг зогсоож байгаа нь яав ч сайн зүйл биш

    -1960 онд анх ашиглалтад орж өдгөө нэгэн жарны хугацааг үдсэн УДЭТ-ын барилга нь өнгөрсөн хугацаанд их засвар огт хийгдэж байгаагүй, олон жилийн ашиглалтын явцад их барилгын суурийн хэсэгт суулт өгч цөмөрсөн, гадна ханын орчмоор эргэн тойрон ан цав үүсч, даац бүхий тоосгон хануудад хүчитгэл хийх шаардлагатай байгаа төдийгүй дээвэр, галерейн хэсгийг мөн адил засварлах, түүнчлэн дотор тайзны хэсгийн болон үзвэр, бэлтгэлийн танхимын хананд ан ав гарч гажсан цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэдэг нь 2009, 2015, 2017 онуудад хийгдсэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, “Реконстракшн” оношлогоо, зураг төсөл, судалгааны төв зэрэг байгууллагуудын дүгнэлт, “Эс Эс Ай Эм Эн” ХХК-ийн хийсэн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ”-гээр тус тус тогтоогдсон.

    Үүнээс гадна театрын их барилга нь өөрөө талбайн хувьд газар хөдлөлтийн 7 баллын бүсэд хамаарагдаж байна. Тиймээс соёлын барилгыг шинэчлэх ажлыг зогсоож байгаа нь яав ч сайн зүйл биш. Урлагийнхан бид ядарч байна, зовж байна, цангаж байна гэж төр засаг, олон түмэнд хэлж байсан удаагүй. Манай театрын барилга маань маш товчоор хэлбэл гурван өрөө байранд гурван айл байгаатай ижил байгаа.

    Драмын театрын нэг байранд Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр гурвуулаа хамт байгаа. Дундаа нэг гал тогоотой учраас зарим нь өглөө, зарим нь өдөр, зарим нь шөнө ажиллаж байна. Сүүлийн 30 жилийн турш төр засгаас тоож дэмжилгүй хаясан энэ салбарт У.Хүрэлсүхийн Засгийн газар онцгой анхаарч эхэлсэнд бид маш их баярласан.

    Өнгөрсөн жилээс эхлэн урлагийн салбарын цалинг 8-30 хувь нэмэгдүүлж, олсон орлогоо 100 хувь байгууллага ажилтныхаа нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах эрхийг олгосон. Үүгээр ч зогсохгүй барилгын ажлыг нь өргөтгөх томсгох хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгсөн. Бид дэлхийн улс орнуудаас техник тоног төхөөрөмж, барилга байшингаараа асар хол хоцорсон.

    Дэлхий нийт орчин үеийн техникээр бүрэн тоноглогдсон байхад бид гар ажиллагаатай хоцрогдсон төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж буйгаасаа ичиж байсан. Гэвч яг шинэчлэлт засварлалтын ажил эхлэх гэтэл хэсэг бүлэг хүмүүс зориудаар харлуулан муутгаж энэхүү ажлыг зогсоох гэж байгаад маш их харамсаж байна. Тиймээс соёлын барилгыг шинэчилж, сайжруулахаар гаргасан түүхэн шийдвэрээ хэрэгжүүлэхийг хүсч байна.

    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс: Ё.Баатарбилэг сайдыг энэ сарын 8-ны мэдэгдлээ эргэж харахыг хүсч байна

    -УДБЭТ-ын барилга нь 1947-1949 онд баригдсан. Түүнээс хойш нэг ч удаа театрын барилга болон тайзны тоног төхөөрөмж халаалтын систем, тайзны тоног төхөөрөмж халаалтын систем, тайзны эргэдэг тойрог, барилгын гадаад дотоод засалд засвар хийгдэж байсангүй. Уг барилгын тоног төхөөрөмж 1950-1960 онд хуучин ЗХУ-д үйлдвэрлэсэн техник бөгөөд хуучирч элэгдэн засварлах боломжгүй болж эд анги сэлбэг нь өнөөдөр үйлдвэрлэгдэхээ болиод байгаа билээ.

    Өнгөрсөн 60 гаруй жилийн туршид театрын тайзны эргэх төхөөрөмж, засвар шинэчлэл хийгдээгүй бөгөөд бүхий л үйл ажиллагааг тайзны ажиллагсад гар аргаар явуулж (ингэхдээ хүнд туухай, олс, арааг хүний хүчээр эргүүлж тоглолтондоо ашиглаж байна. Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газруудаас театрын барилгад зайлшгүй засвар шинэчлэл хийх шаардлагатай талаар удаа дараа дүгнэлт өгсөн.

    Учир нь театрын барилга хуучирч, хана хагаран ан цав гарч, дулаан алдалт маш өндөр хэмжээнд хүрч, засвар хийгдээгүй удсаны улмаас ханын шавар шохой элс бутарч, цахилгаан, дулааны шугам хоолойнууд ажиллагаагүй болж байна. Тиймээс Монгол Улсын урлаг соёлын ууган байгууллагуудын барилга, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох гэж буйг дэмжихгүй байна.

    Ё.Баатарбилэг сайд аравдугаар сарын 8-ны өдрийн мэдэгдлээ эргэн харж, Төв номын сан, Дуурь болон Драмын театрын барилгыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүсч байна. Нийгэмд худал болон сөрөг мэдээлэл тарааж, ард иргэдийг төөрөгдүүлж буй асуудлыг таслан зогсоож, соёл урлагийн шинэчлэлийг хийх цаг болсон. 1970 оноос өмнөх эдгээр барилгуудыг газар хөдлөлтийн аюулгүй байдал, тэсвэрийн тооцоололгүйгээр хийгдсэн.

    Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: Манай номын санчид бороо орохоор түүх соёлын хосгүй өвөө живүүлчихгүйн тулд усны гутал өмсөөд урсаад ирсэн шалбаагийг арчдаг

    -Үндэсний номын сангийн одоогийн ашиглаж буй барилгыг барих шийдвэрийг 1938 оны хоёрдугаар сарын 4-нд тухайн үеийн МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн шийдвэрээр гаргаж, 1946-1948 онд зураг төслийг нь хийж, 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж барилгыг ашиглалтад оруулсан түүхтэй. Түүнээс хойш 68 жил болоход гурван давхар энэ барилгад нэг ч удаа их засвар орж байгаагүй, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгээгүй байна.

    Үндэсний номын санд Монголын ард түмний бий болгосон өв соёл тусгаар тогтнол нь байгаа. Тэрхүү соёл түүхийн тусгаар тогтнол маань ямар хүнд хэцүү нөхцөлд байгааг бид хангалттай харуулсан. Үндэсний номын сангийн барилга цахилгааны ил монтажтай. Гал гарах өндөр эрсдэлтэй. Бороо орохоор түүх соёлын хосгүй өвөө живүүлчихгүйн тулд ажилтнууд нь усны гутал өмсөөд урсаад ирсэн шалбаагийг арчиж байгаа. Энэ соёлын өвөө хамгаалахгүй бол амь нь хэзээ мөдгүй тасрах гээд байна.

    Бусад байгууллагууд ч мөн адил. Улсын драмын эрдмийн театр 1960 оноос, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 1953 оноос хойш одоогийн энэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байна. Гурвуулаа модон карказтай хийгдсэн. Сүүлийн 70 жилийн турш их засварын ажил огт хийгдээгүй учраас ослын байдалтай болоод байгаа. Үүнийг нь мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа тогтоосон. Хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болсон байна. Үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлт гарсан. Эдгээр барилгуудад соёлын хосгүй өв хийгээд хүмүүс байгаа.

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилга дээр ирж танилцаад эдгээр барилгыг үнэхээр шинэчлэх цаг болсон байна. Хоёрын хооронд засвар хийсэн болоод яах вэ. Нэг мөсөн өргөтгөөд шинээр томсгоод бариад өгье гэсэн. Барилгын зөвхөн урсгал засвар буюу нэг барилгын дээврийг засахад 450 сая, хүчитгэхэд 680 сая төгрөг шаардлагатай байгаа. Мэргэжлийн хүмүүс нь үг дуугараагүй байхад мэргэжлийн бус хүмүүс байгууллагууд соёлын өвийг устгах гэж байна гэж хэдэн талаас нь шүүмжилсээр байгаад засварын ажлыг зогсоох хэмжээнд хүрчихсэнд маш их харамсаж байна. Манай барилгууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг учраас нэн даруй шинэчлэх засварлах цаг болсон гэдгийг онцлон хэлмээр байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ