• Химийн салбарын Нобелийн шагналыг АНУ, Их Британи, Японы  эрдэмтдэд олгоно

    Өчигдөр Нобелийн хорооноос химийн салбарт энэ жил Нобелийн шагналыг гурван эрдэмтэнд олгохоор болсноо зарлалаа. АНУ-ын эрдэмтэн Жон Гуденаф, Их Британийн эрдэмтэн Стенли Уиттингхем, Японы эрдэмтэн Акира Йошина нар юм. Тэд литийн ион батерей зохион бүтээснээрээ энэхүү нэр хүндтэй шагналыг авахаар болж байгаа юм.

    Литийн ион батерей зохион бүтээх ажил 1970 оноос эхлэлтэй бөгөөд сүүлийн хэдэн жилийн туршид шинжээчид энэхүү бүтээл нь Нобелийн шагнал хүртэх ёстой гэдэгт эргэлзээгүй санал нэгдэж байлаа.

    Цахилгаан эрчим хүчийг хуримтлуулах, ашиглах технологийн үндэс нь 1973 оны газрын тосны дэлхийн хямралаас үүдэлтэй аж. Их Британий эрдэмтэн Стенли Уиттингхем хэт дамжуулагч материалыг судалж эхэлсэн бөгөөд литийн батерейд ашиглаж болох титан хүхэрт хийсэн катодыг бүтээжээ. Харамсалтай нь, түүний зохион бүтээсэн анхны батерей нь дэлбэрэх аюултай байв.

    АНУ-ын эрдэмтэн Жон Гуденаф Нобелийн шагналын түүхэнд хамгийн өндөр настай эрдэмтэн болж байна. Тэрбээр энэ жил 97 нас хүрч байгаа аж. 1980-аад оны эхэн үед тэрбээр батерей дахь хэд хэдэн материалыг ажиглаж, улмаар батерейн материалыг өөрчлөхөд хүчин чадал нь илүү болсон ч олон нийтийн хэрэглээнд тийм ч тохиромжтой биш байжээ.

    Таван жилийн дараа Гуденафын катодын бааз дээр японы эрдэмтэн Акира Йошино анх удаа олон нийтийн хэрэглээнд тохиромжтой, худалдаалах боломжтой литийн ионы батерей бүтээв. Тэрбээр энэхүү батерейг бүтээхдээ газрын тосны коксийг ашигласан ажээ.

    Шагналыг арванхоёрдугаар сарын 10-нд буюу Шведийн зохион бүтээгч, эрдэмтэн Альфред Нобелийн төрсөн өдөр олгоно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ