• Ч.Гантулга:Бид тэвчиж, чанга зоригтой байснаар эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ олж авна

    Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга  Ч.Гантулгатай сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.

    -Ард түмэн төрийн байгууллагууд хэр уялдаа холбоотой ажиллаж байгааг  дарга нарын амнаас гарч байгаа мэдээллээс дүгнэдэг. Тухайн асуудлаар үсэг, тооны зөрүүгүй мэдээллийг өгч байх ёстой. Гэтэл шахмал түлштэй холбоотой асуудлаар өөр өөр мэдээлэл өгч иргэдийг төөрөгдөлд оруулж байна. Агаарын бохирдлыг бууруулахад төрийн байгууллагууд зангидсан нэг бодлоготой нэг зүгрүү бүгд харж чадаж байна уу?

    -Агаар орчныг бууруулах үндэсний хороон дээр Засгийн газрын 62 дугаар тогтоол гарсантай холбогдуулаад энэ жил нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Оны эхнээс авахуулаад өнөөдрийг хүртэл 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулж байна. Үүний нэг том ажил нь А/433, А/820 тоот БОАЖ-ын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар журам гаргаж болосвруулсан. Үүнийг мөрдөн ажиллаж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоол түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх тогтоол.

    Хэрэглэхгүй байхаас үүдэн гарч байгаа сайжруулсан түлшийг хэрэглэх, түүхий нүүрсийг хориглох, хяналт хариуцлагыг сайжруулах, сайжруулсан түлшийг түгээх тээвэрлэх, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог зохицуулах хяналт шалгалтыг сайжруулах гэх мэтчилэн маш олон зохицуулалт орж байгаа юм.

    Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 орчим халаалтын том, жижиг оврын зуух байна. Эдгээрийн зохицуулалтыг оруулж өгсөн өргөн цар хүрээтэй журам боловсруулагдсан. Бодлогын төвшинд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг л хэсэг нь .

    Ер нь үе үеийн Засгийн газраас агаар орчны бохирдолтой тэмцэх тогтоол шийдвэр гарч арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Зуух хөтөлбөр, түлш хөтөлбөр, нүүрс хөтөлбөр гэх мэтчилэн.

    Эдгээр хөтөлбөрүүд тухайн засгийнхаа үед хэрэгжсэн. Гэхдээ өнгөрсөн оны өвөл хүртэл ямар үр дүн гарсан бэ гэхээр бодитой сайн үр дүн гараагүй хөрөнгө мөнгө зарцуулсан байдаг. Тиймээс өмнөх алдааг давтах ёсгүй. Нэгэнт тогтоол шийдвэр гараад төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа юм бол төрийн байгууллагууд, нийслэл дүүргүүдийг нэгдсэн нэг бодлого уялдаа холбоогоор хангах ёстой. Хангаж ажиллаж ч байна. Үндэсний хорооноос тогтоол шийдвэрүүдийг гаргаад тэдгээрийг бүх шатанд хэрэгжүүлэх гол ажлыг гүйцэтгэж байгаа.  Өмнө нь Үндэсний хороо 2011 оноос хойш цэвэр агаар сан, Агаарын бохирдлыг бууруулах сан, нэг хэсэг ерөнхийлөгч, Ерөнхий сайд Эрдэнэбатын доор Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо сүүлд Ерөнхий сайд Хүрэлсүхийн доор ажиллаж байгаад одоо БОАЖ-ын сайдын доор 2018 онд ирээд ажиллаж байна.

    -Төрийн байгууллагууд агаарын бохирдлыг бууруулахад ямар чиг үүрэг хүлээсэн байдаг юм бэ. Олонх иргэд салбар яамны хийх ёстой ажил гэсэн ойлголттой байдаг юм шиг санагддаг?

    -Яг үнэн. Агаарын бохирдлыг бууруулах нь ганцхан нэг яам, нэг хүний хийх ёстой ажил биш юм . Дангаараа шийдэж чадах ч үгүй. Төр, хувь, иргэд гээд хамтын оролцоо хүчин чармайлтын үндсэн дээр ярьж, хийх ёстой.

     

    Яамдууд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд агаарын бохирдлыг бууруулахд үүрэг хүлээн, тэрнийхээ дагуу ажиллаж байгаа. Тухайлбал,  Эрчим хүчний яам сайжруулсан түлшний хяналтыг хийх, үйлдвэрлэлийг дэмжих, Уул уурхайн яам “Эрдэнэс таван толгой”-гоор дамжуулж санхүүжилтыг олгох, түүхий эдээр нь хангаж ажиллах, Зам тээврийн яам гэхэд л тээвэрлэлтийг тасралтгүй байдлаар хангах, Онцгой байдал,ЦЕГ тээвэрлэлт болон хяналт тавих, Мэргэжлийн хяналт нь шалгалт хяналтаа хийх, түүхий нүүрс оруулахгүй байх гэх мэтчилэн бүгд өөрсдийн үндсэн чиглэлийн ажил үүргийнхээ дагуу ажиллаж байна.

    Харин Үндэсний хороо Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх уялдаа холбоог бий болгох зангидсан нэг бодлогыг хэрэгжүүлж ажиллаж чадаж байгаа. Ямар хэлбэрээр яаж зангидаж байна вэ гэхээр улиралдаа 1-3 удаа бүх гишүүдийн хурлаа хийж байна.  Миний хувьд 2019 оны нэг сарын сүүлээр энэ ажлыг авсан.

    Яг энэ бодлого чиглэл, уялдаа холбоог  хангах, тогтоол шийдвэрүүдээ гаргах, Үндэсний хорооны гишүүдийн хурлыг тогтмол бүрэн ирцтэй хийлгэх, хамтын шийдвэр гаргах, Засгаас гарч байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх тал дээр бүх л боломжоороо ажиллаж байна гэж дотроо дүгнэж байгаа. Энэ жилийн хувьд 32,33 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 30 нь хэрэгжээд явж байна. Үүн дотор Тавантолгой түлшийг дэмжих, менежментийг сайжруулах, түгээлт болон тээвэрлэлт, хяналт гэрээт борлуулагч нарыг ажиллуулах ажлын уялдаа холбоог хангаж санхүүжилтүүдийг эдгээр ажил дээр шийдвэрлэн ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд сард 2,3 удаа ч хуралдах тохиолдол байна.

    -Нэг бодлоготой нэг зүгрүү харж чадаж байгаа юм бол ажил хариуцаж байгаа мэргэжилтэн нь сайжруулсан шахмал түлшийг уламжлалт зууханд тохирохгүй гэж мэдээлэл хийсэн нь ямар учиртай юм бэ. Энэ мэдээлэл иргэдийг улам төөрөгдөлд оруулсан шүү дээ?

    -Ажил хариуцаж байгаа зарим нэг албан тушаалтнууд мэдэгдэл хийсэн. Үүнийг шалгасан. Энэний дагуу Үндэсний хороо бичиг цаасаа хянаж тухайн үед ирсэн тайлан мэдээллээ нэгтгэж харсан. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд гарсан Нийслэлийн агаарын блхирдолтой тэмцэх газар хийсэн дүн шинжилгээг тухайн мэргэжилтэн олон нийтэд буруу ойлголт өгч мэдээлсэн. Үүнийг судалж худал мэдээлэл түгээснийг тогтоосон. Хоёрдугаар сарын 1-нд гарын үсэг зурж баталгаажуулсан шинжилгээ бол 0461 дүгээр ангийн 4-5 0.25 мВт-ын нүүрсээр халдаг зууханд хийсэн шинжилгээ. 250 кВт-ын хүчин чадалтай зууханд тодорхой хэмжээний сайжруулсан түлш хийж туршиж үзсэн юм билээ. Туршилтаар сайжруулсан түлшийг 100-аас доош кВт-ын хүчин чадалтай зууханд түлэх боломжтой түүнээс дээшхэд боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Энийг буруу мэдээлсэн.

    -Ямар учраас хариуцлагатай цаг үед ажил хариуцаж байгаа мэргэжилтэнд нь олон нийтэд буруу мэдээлэл түгээв?

    -Хувь хүний үүднээс ямар учир шалтгаанаар буруу мэдээлэл түгээснийг хэлж мэдэхгүй. Ямар ч гэсэн буруу, ташаа мэдээлэл олон нийтэд түгээсэн гэдгийг тогтоосон. Одоо 100 кВт зуухтай аж ахуйн нэгжүүд сайжруулсан түлшийг хэрэглэж байна. Тэр мэргэжилтний мэдэгдсэн 100-аас дээш кВттай зууханд Баганнуурын түүхий нүүрсийг хэрэглэж дулаанаа хангаж байна. Харин нийслэлд замбараагүй хэрэглээ болсон том жижиг бага оврын зуухнууд дээр хяналтаа сайжруулж байна. Бүгдийг нь бүртгэлжүүлж, паспортжуулсан. Байгаль орчны үнэлгээг энэ зунжин хийсэн. Үнэлгээнд унасан зуухнуудад шүүлтүүр тавьсан. Санаатай ч байж болно, санамсаргүй ч байж болно. Иргэдэд буруу ташаа мэдээлэл өгсөн хүмүүсийг шалгана. Ийм хариуцлагатай үед тийм мэдээлэл хийнэ гэдэг бол иргэний хүний хувьд ч маш хариуцлагагүй зүйл гэж харж байгаа.Энэ мэт буруу ташаа мэдээллийг зарим нэг, тухайлбал, нийслэлийн төлөөлөгч нар өлгөж аваад мэдэгдэл хийж байна. Үнэхээр хариуцлагагүй асуудалд хандаж байна. Хүний амь нас ярьж байгаа нь зөв. Гэхдээ нийтлэг эрх ашгаа хамгаалах гэж хичээж байна. Үе үеийн Засгийн газар ажил хийж байсан. Гэхдээ үр дүнд хүрч чадаагүй. Харин одоо эхлүүлсэн. Ард нь гарахын төлөө л ажиллана.

    -Гэхдээ хамтарч ажиллах ёстой төрийн байгууллагууд асуудалд хариуцлагагүй хандсан нь үнэн. Тэр нь юу вэ гэхээр хүйтний эрч чангарахтай зэрэгцээд иргэдэд ухуулга, мэдээллийг сайтар өгөх ёстой байсан. Гэтэл саяын харамсалтай хэрэг явдал гарснаас хойш түүхий нүүрс шиг хувингаар нь хийхгүй 5,10 ширхэгээр нь хийнэ гэх мэт зааварчилгаа иргэдэд өгсөн?  

    -Энэ асуудалд Үндэсний хороо, НЗДТГ,”Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс иргэдийг гарын авлагаар хангах ажил хийгээгүй биш хийсэн.Гэхдээ 100 хувь хангалттай явж чадаагүй нь үнэн. Одоо бид энэ асуудалд анхаарч ажиллаж байна.

    Энд нэг тоо баримтыг цохож хэлмээр байна. 2014 онд 19, 2015 онд 13, 2016 13 хүн хавар, намар угаартаж нас барсан гэдэг тоо Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд байна. Гэтэл цаана нь бусад эмнэлгүүдэд хэчнээн тоо байгааг хэлж мэдэхгүй. Дүнг нэгтгэх ажлыг хийж байна. Сайжруулан түлш гарсан  байсан ч гараагүй ч байсан ахуйн хэрэглээний зуух, пийшингийн угаарт жилдээ хэдэн арван иргэн амь насаа алдаж байсан байна.

    Өнөөдөр сайжруулсан түлш гэдэг шинэ бүтээгдэхүүн гараад үүнтэй холбож тохоод байгаа болохоос биш угаартаж өнгөрсөн тохиолдол байнга гарч байсан.

    -Юунаас болж угаартаад байгааг нь мэргэжлийн байгууллагууд  шалгаж үзээд буруу галлагаа, зуухны бүрэн бүтэн байдалтай гэж  тайлбарласан. Одоо цаашид иргэд яах ёстой юм. Зуухаа шинэчилж солих уу?

    -Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй  мянган айл өрхийн зуухны стандарт байдаг боловч бид мөрдөөгүй өнөөг хүрсэн байна. 200 гаруй мянган айл өрхийн 60 орчим хувь нь пийшин. 1930,1940 оны үед пийшин Монголд орж ирсэн. Хятад, Оросоос манайд нэвтрээд 50,60 жил болж байна. Энэний стандарт байх ёстой. Тэгэхгүй өнөөдөр дураараа хэн нэг нь ханан пийшин өрөөд тэрэндээ сайжруулсан болон гар хийцийн зуухуудыг холбоод халаалтаа шийдсэн айлууд маш их байна. Ингэж стандартгүй хийсэн учраас пийшин рүү залгасан хэсгээрээ утаа саагдаг, бороонд чийг цохиж шавар нь нурсан, түүнийгээ хөөлдөггүй, хавхлага сайлтыг нь буруу хийдэг гээд энэ мэтчилэн ахуйн хэрэглээндээ зуухны стандартыг мөрдөөгүй, дээрээс нь хяналт байхгүй болохоор жил бүр гарч байгаа угаартах тохиолдол багасахгүй байна. Үүн дээр анхаарал хандуулж стандартыг мөрдүүлж ажиллахаас өөр аргагүй болж байгаа юм.

    -Стандартад нийцсэн зуух нь ямар байх юм?

    -MNC:52162016 гэсэн нийслэлийн Засаг дарга С.Батболдын үед гаргасан захирамж байдаг. Энэ стандартыг мөрдүүлж, сайжруулсан зуухны стандартаа барьж ажиллана. Сайжруулсан зууханд сайжруулсан  түлш түлэх ёстой. Өмнө нь хэрэгжиж байсан Дөл, Өлзий, Хас гэх мэтчилэн зуухнууд дээрх стандартад нийцэж байгаа юм. Пийшинд тусдаа өөр стандарт ярих ёстой. Ингэснээр угаартаж нас барж байгаа иргэдийн тоо багасна.

    -Иргэдийн хувьд “орой түлшээ хийгээд унтчихбал угаартчихвий дээ” гэсэн айдас төрчихсөн байгаа шүү дээ?

    -Иргэдэд айдас төрчихсөн байгаа. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээг зөв дадал болгох талаарх зааварчилгаа гэр хорооллоор тараагдаад өрх бүрт хүмүүс мэдээлэл өгч ажиллаад явж байна. Их хэмжээгээр хийж болохгүй, багаар нь нэмнэ, шөнийн цагаар хавхлагыг хаахгүй байх гэх мэт зааварчилгааг өгч байна. Зургаан иргэн угаартаж амь насаа алдсан байгаа учир иргэдэд айдас бий болсон байгаа. Тэгэхээр эрүүл аюулгүй тав тухтай орчинг иргэдийн оролцоотой бүрдүүлж ажиллана. Засгийн газрын 62 дугаар тогтоолын шийдвэр иргэдийн оролцоотойгоор л хангагдана.

    Сайжруулсан шахмал түлшний цаана олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. 20,30 жил нүүрсээ түлж ирсэн. Нүүрсээр чимээгүй үхлийг бид өөрсдөө бий болгосон. Олон мянган хүний амь настай холбоотой асуудал яригдаж байна. Чимээгүй үхлийг бид зогсооно. Ингэснээр хэн хожих вэ гэхээр Монголын ард иргэд л хожино. Энэ жил зургаан дүүрэгт бүх талын шинжилгээ судалгааг хийгээд дараа дараагийн жилүүдэд анхаарах, бэлтгэл ажлыг сайжруулах ажил шат дараалалтай хийнэ. Мэдээллийг буруу талаас нь тайлбарлаж, турхирч байгаагаас болоод түүхий нүүрс хэрэглэе гэсэн яриа гарсан. Гэхдээ бид тэвчиж, чанга, зоригтой байх ёстой. Илүү сахилга баттай байсны эцэст эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ олж авна.  Монголчууд өөрсдөө л хийхгүй бол гаднаас хэн ч ирж хийхгүй нь ойлгомжтой.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ