• З.Жавзанпагма: “Амгалан” амаржих газрын эмч нар зөв оношилсон бол өнөөдөр би 9 сартай охинтойгоо эрүүл саруул амьдарч байх байсан

    “Амгалан” амаржих газрын эмч нарын хариуцлагагүйгээс болж хохирсон иргэн З.Жавсанпагма өмгөөлөгч Т.Хонгорын хамт өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

    Иргэн З.Жавзанпагма жил орчмын өмнө “Амгалан” амаржих газрын эмч нарын буруу оношилгооноос болж зургаан сартай ургаа алдаж, нэг бөөрөө алдаж, эрүүл мэнд болоод сэтгэл санааны хувьд хүнд хохирол амсжээ. Хохирогч 26 настай З.Жавзанпагма болон уг амаржих газрын эмч нарын хоорондын маргаан одоогоор Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа аж. Энэ сарын 21-нд шүүх хурал нь болно. Харамсалтай нь  хөөн хэлэлцэх хугацаанаас болж энэ хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

    Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Хонгор: Одоо дүүд мань яаралтай донор хэрэгтэй

    Өмгөөлөгч Т.Хонгор “Амгалан” амаржих газрын эмч нар дүүгийн маань буруу байрлалтай байсан нэг бөөрийг уйланхай гэж андууран хагалгаа хийхдээ зүгээр ч  хийгээгүй бүр маарлаа дотор нь үлдээснээс болж нэг бөөрөө авхуулахад хүрсэн.

    Цэл залуухан 26 настай охин эмч нарын буруугаас болж өнөөдөр ажил хийх чадваргүй болох хэмжээнд хүрч, бие сэтгэл санааны хүнд хохирол амсаад байна.

    Хэрвээ шүүгдэгч нарын эсрэг талд гарах юм бол өнөөдөр дүү маань эрүүл мэндээрээ бүрэн хохирч, тэдгээр эмч нар ял завшиж хариуцлагаас мултарч үлдэх нь.Бидний зүгээс нэхэмжилж байгаа зүйл бол дүүгийн маань эрүүл мэндийг хуучин хэвэнд оруулахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл одоо дүүд маань яаралтай донор хэрэгтэй.Бид одоо Эрүүл мэндийн яам болон “Амгалан” амаржих газрын холбогдох удирдлагуудад дүүгийн маань эрүүл мэндэд анхаарал хандуулж, тухайн эмч нарт хариуцлага тооцуулах албан тоотыг өнөөдөр хүргүүлэх болно” гэсэн мэдээллийг өглөө.

    Хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байхад 15 сая төгрөг өгч энэ маргаанаа дуусгая гэсэн

    Үргэлжлүүлэн хохирогч З.Жавзанпагма жилийн өмнө болсон үйл явдлын талаар  “Би одоо 26 настай. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг.Жилийн өмнө буюу 2018 оны зургаадугаар сарын 26-ны өдөр жирэмсний хяналтад орох гээд шаардлагатай бүх шатны шинжилгээ өгч, эход харуулах явцад өндгөвчний уйланхайтай байж магадгүй гэсэн дүгнэлт гарч харьяаллын дагуу “Амгалан” амаржих эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон. Энэ үед би гурван сартай жирэмсэн байсан.

    “Амгалан” амаржих эмнэлэг дээр ирж үзүүлэхэд өндгөвчний маш том уйланхайтай учир яаралтай хагалгаанд орох шаардлагатай, жирэмсэн үед ийм уйланхайтай байж болохгүй гээд эмч нарын зөвлөөөнөөр 2018 оны оны долдугаар сарын 19-ний өдөр дурангийн хагалгаанд орохоор болсон.

    Гэвч хагалгаа хийх дуран нь эвдэрсэн байсан учраас надад “Амгалан” амаржих газрын нэр бүхий эмч нар хэвлийн хагалгааг нээлттэйгээр хийсэн. Сэрсний дараа надад түгжрэлийн анхан шатны шинж тэмдэг илэрч, бие маань маш их өвдөж эхэлсэн. Үүнээс хойш ямар нэг оношгүйгээр “Амгалан” амаржих газарт өвчин намдаах олон тариа хэрэглэж 22 хоног хэвтсэн.Үүний дараа би ийм олон хоног маш их ядралттай дээрээс нь хүчтэй эм тариа хэрэглэсний улмаас зургаан сартай болчихсон ургаа цааш тээх боломжгүй болсон учраас хагалгаа хийсэн эмч өөрийн биеэр эм тавьж ургийг маань гаргасан.

    Гэсэн ч миний бие огт сайжрахгүй болохоор “Амгалан” амаржих газрын эмч нар Хоёрдугаар эмнэлгийн үүдэнд хүргэж өгч, хоёрдугаар эмнэлэгт дахин хагалгаанд ороход  “чиний нэг бөөрийг уйланхайтай андуурч хагалгаа хийжээ. Мөн хагалгаа хийх явцдаа чиний биенд маарал үлдээсэн байна. Үүнээс болоод нэг бөөрийг маань ажиллагаагүй болсон” гэдгийг хэлсэн.

    Ингээд 2019 оны нэгдүгээр сард би тухайн ажиллагаагүй болсон бөөрөө бүр мөсөн авхуулахад хүрсэн юм” гэж ярьлаа.

    Мөн хохирогчид хагалгаа хийсэн гурван эмч, хоёр сувилагч эмч нар нь түүнтэй холбогдож , уучлалт гуйгаагүй мөртлөө хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байхад 15 сая төгрөг өгч энэ маргаанаа дуусгая гэж хэлжээ.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ