Д.Тогтохсүрэн: Хоригийг нэгэнт хүлээж авсантай холбоотойгоор бидэнд хоёр л гарц үлдэж байна

МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Д.Тогтохсүрэн “Бүлэг хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт,  Ерөнхийлөгчийн УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан хоригийг хүлээж авсантай холбоотойгоор  цаашид ҮХНӨ-ийн асуудлыг яах вэ гэдгийг хэлэлцсэн.

Хоёрдугаарт, өнгөрөгч долоо хоногийн эцсээр  нийслэлд  хэд хэдэн хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдын мэдээллийг сонсож  хэлэлцлээ.

Нэгдүгээр асуудал,  өнгөрсөн 9-р сард УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хэлэлцээд, Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт  Ерөнхийлөгч хориг тавьсныг  баасан гарагт хэлэлцээд,  хүлээж авахаар шийдвэрлэсэн. Хоригийг нэгэнт хүлээж авсантай холбоотойгоор бидэнд хоёр л гарц үлдэж байна.

Нэгдэх нь 73 дугаар тогтоолоо өөрчилж засаад, ард нийтийн санал асуулга явуулах шийдэл гаргах. Хоёр дахь нь гуравдугаар хэлэлцүүлгээр ҮХНӨ-өө батлах. Ийм л хоёр гарц байна. МАН-ын бүлэг сая энэ хоёр хувилбарыг ярилцлаа.  Өнгөрсөн 7 хоногт зөвшилцөх ажлын хэсэг гэж байгуулсан. Нийт 10 гишүүнтэй. Ингээд бүлгийн хурлаас зөвшилцөх шаардлагатай байна аа гэж үзлээ. Тиймээс ажлын хэсэг АН болон Ерөнхийлөгчийн Тамгын газартай зөвшилцөе. Ингээд ҮХНӨ-өө цаашид яах вэ гэдгээ шийдье. Үдээс хойш ажлын хэсгийнхний уулзалтыг хийнэ.

Хоёр дахь асуудал гэвэл, Сайжруулсан түлш хэрэглээд хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Шадар сайдын мэдээллийг сонсож асуудлыг олон талаас нь ярилцлаа.  Түлшний чанарт хийж байгаа аудит гэж байна уу, хяналт ямар байна, зуухны стандарт гэх мэт олон асуудлыг ярилцлаа. Ингээд Засгийн газраас арга хэмжээ авах, яаралтай дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн чиглэлийг гаргалаа. Засгийн газраас энэ асуудлаар мэдээлэл өгөх байх аа.

-Цаашид хэдэн хүний амь насаар дэнчин тавьж  энэ шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх гээд байгаа юм бэ. Хохирсон хүмүүст нөхөн төлбөр өгөх үү?

-Шахмал түлшний шинжилгээний дүн эерэг гаргасан. Гэхдээ бид олон улсын лабораториудад илгээж шинжлүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Эцсийн дүгнэлт гараагүй байхад Засгийн газарт шууд хариуцлага тооцох нь ямар юм бол гэсэн бодол байна.

-Хоёрдугаар хэлэлцүүлэг задрах юм уу, гуравдугаар хэлэлцүүлгийг явуулахад цаг хугацааны боломж хэр байгаа вэ?

-Хоёр гарц байгааг хэлсэн. Нэгдүгээрт 73-р тогтоолоо засаад хугацаа тавиад, Ерөнхийлөгчийн хэлсэн 24.1.16-г оруулаад,   эрх зүйн зөрчлийг арилгах боломж байна. Энэ  хамгийн эхэнд хийж болох гарц. Харин хоёрдугаар гарц нь,  гуравдугаар хэлэлцүүлгээр батлах асуудал. Энэ тохиолдолд хоёрдугаар хэлэлцүүлгийг задлах уу үгүй юу, АН болон Ерөнхийлөгчийн тавьж байгаа саналыг оруулах уу үгүй юу, үүнийг нь манай намын бүлэг авах уу үгүй юу гэхчлэн  цаанаа их үргэлжлэх ажил байгаа юм.

Ажлын хэсгийг хэн ахалж байгаа вэ?

-Ажлын хэсгийг би ахалж байгаа.  Манай намаас 5 гишүүн орсон.  Олонхийн бүлэг Ард нийтийн санал асулга явуулна гэдэг дээр байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч, АН-тай зөвшилцөе гэсэн үүднээс саяын хоригийг хүлээж авсан гэж ойлгож байгаа.

-Гуравдугаар хэлэлцүүлгийг явуулахад цаг хугацаа ямар байх вэ. Үнсэн хуулийн тасралтгүй байх зарчим яаж хангагдах вэ?

-Үндсэн хуульд нэмэлт,  өөрчлөлт явуулах журмын тухай хуулиар хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусаад хоёр замын аль нэгээр явна. Нэгдэх нь Ард нийтийн санал асуулга  руу орно. Ард нийтийн санал асуулга  явуулах шийдвэр гаргасны дараа өөр асуудал хэлэлцэж болно.  Хэрэв гуравдугаар хэлэлцүүлэг явуулж дуусч Үндсэн хуулиа батлавал бусад асуудлаа хэлэлцэнэ. Одоо Ард нийтийн санал асуулга  явуулах шийдвэр хүчингүй болчихсон учраас буцаад Үндсэн хуулийн горимдоо орж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  одоо Үндсэн хуулийн хоёр шийдлийн аль нэг гартал  Үндсэн хуулийн горимд буюу тасралтгүй байх зарчим өнөөдрөөс эхлэн үйлчилж байна.

-Санал асуулгыг явуулсан тохиолдолд ирэх жилийн сонгуультай хамт явуулах уу?

-Ард нийтийн санал асуулга явуулах шийдэл дахиж гарвал УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулахаас өөр хувилбар байхгүй болов уу гэж бодож байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ