• Н.Энхбаярын “холын шунал” улстөрийг дахин бужигнуулах нь

    Өнгөрсөн амралтын өдөр МАХН-аас “Өрх бүрт орон сууц” Үндэсний хөтөлбөр хэмээх үйл ажиллагааныхаа нээлтийг хийлээ.  Энэхүү үйл ажиллагаанд иргэд хэдэн мянгаараа цуглалаа.

    Энэ үеэр МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ “Би барилга хот байгуулалтын сайд байхдаа энэ ажлыг явуулж байсан. Төр бүх нийтийг орон сууцжуулах боломжтой. Гэтэл төр ажлаа хийхгүй байна. МАХН энэ ажлыг олон жил судлаж хэрэгжих боломжтой гэж үзсэн учраас энэхүү хөтөлбөрийн нээлтийг хийж байна” хэмээн мэдэгдэж уг үйл ажиллагааг нээж байх юм.

    МАХН-ын энэхүү акц нь ирэх сонгуульд зориулагдсан нь мэдээж. Ингээд иргэдийн иргэний үнэмлэхийг канондож хадгаллаа. Сонгуулиар иргэдийн үнэмлэхний дугаар авч хадгалаад “луйварддаг” жишиг 2000-аад оноос эхтэй. Энэ удаа МАХН ийнхүү сонгуульд зориулсан амлалтын гарааг эхлүүлж байна.МАХН үнэхээр оюутнуудыг үнэ төлбөргүй сургаад айл бүрт орон сууц олгоод эхэлбэл төр пянг нь даах уу.

    Манай хэд яг ингэж амлахаараа улс орныхоо эдийн засгийг унагадаг зуршилтай. 2008 оны сонгуулийг санацгаая. АН 1 сая төгрөгний “Эрдэнийн хувь” амласанд  тэр үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр түүнийг нь тал хувиар ихэсгэж 1.5 саяын “Эх орны хишиг” өгнө гээд л наасан. МАН ингээд УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялсан. Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр “Эх орны хишиг” гэж орсон ч ялагдсан.

    Ингээд УИХ, засагт олонх байсан МАН “Эх орны хишиг” нэрээр мөнгө тараасан нь 2012 оны дэлхийн эдийн засгийн хямрал болох үед уг хямралыг хохирол багатай туулах боломжийг олгосонгүй. Уул уурхайгаас орж ирснээ, дээр нь ирээдүйгээ барьцаалаад зээл аваад тараачихсан учраас тэр холуур өнгөрөх байсан гайг дуудчихсан билээ. Ингэж д хэтэрхий амлалт хэтэрхий өндөр гарлагатай тусдагийг тэр үед мэдэцгээсэн билээ.

    Тэгвэл энэ удаа Н.Энхбаяр дахиад л амлаад эхэллээ. Амлалтыг нь дэмжигсэд ч 1000, 1000-аараа л хөлхөлдөж, бүртгүүлж байна. Үүнээс харахад манай сонгогч олон нийт үнэхээр хаширдаггүй болох нь харагдаж байна. Энэ нь зөвхөн манайд ч биш л дээ, хар масс гээч хэзээд ийм байсаар ирснийг л харуулж байна. Тиймээс ч Хятадын Мао “Ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно” гэсэн байдаг. Нээрээ л өмнөх хар бараан түүхийг мартчихаад ингээд хошуураад ирэхийг нь Н.Энхбаяр ба түүний нөхөд сайн тооцсон байна.

    Гэвч тэдний хүслээр болохгүй л болов уу. 2016 оны сонгуулийн өмнө АН-ынхан сонгуулийн хуульд хүч түрэн халдаж тойргуудыг өөрсдийн таалалд зохицуулсан төдийгүй  тухайн үеийн Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгогчдын саналыг татахын тулд долоо хоног бүр нэг шинэ уриалга дэвшүүлж байлаа. “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин” гээд л түүгээр ч зогсохгүй 1072 хувьцааны 300 мянгыг бэлнээр тараасан. Гэтэл сонгуулийн дүнгээр… “] Эрх баригч нам ийнхүү унаж байсан байхад МАХН найдвар багатай л байгаа.

    Үүнээс гадна хуучин намын нэрийг хэл ам, хэрүүл тэмцэл болж байж авсан Н.Энхбаярын ганц зорилго нь улстөрд эргэж ороод өөрийг нь унагагч МАНАН-гаас улстөрийн өш хонзонгоо л авах. Н.Энхбаярын энэхүү “шунал”-ыг Бат-Үүлийн аав С.Эрдэнэ гуай тэртээ соц үед МЗЭ-д ажиллаж байхад нь олж хараад “холын шуналтай хүү” гэчихсэн нь бий. Нээрээ ч Н.Энхбаяр бол холын шуналтай л хүн. Тиймээс эзэн Чингис хааны хэлсэн “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” хэмээх үгийг монголчууддаа дахин нэг хүргэсү .

    Тэрбээр энэ удаа ямар ч аргаар хамаагүй засгийн эрхэнд дахин гарахыг хүсч түүнийхээ төлөө “зургаа зурж” эхэллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ