• Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар ард нийтийн санал асуулга бүр болив уу, түр хойшлов уу

    2019-10-04

    УИХ өнөөдөр Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг хэлэлцээд,  хуралдаанд  оролцсон 53 гишүүний 64.2 хувийн саналаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.

    Ингэснээр хэдэн сарын турш УИХ хэлэлцсэн, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслийг зуны турш хэлэлцэн, зөвшилцсөн нөр их хөдөлмөр талаар болж, уг асуудлыг дахин хэлэлцэхээр болж байна.

    Ерөнхийлөгчийн  тавьсан хоригийг ЭНД-ээс  уншина уу.

    Ерөнхийлөгчийн хоригийн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  “1999 оноос хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа дур зоргоороо хандаж болохгүй юм байна гээд хууль баталж гаргасан. Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай  хуульд нийцүүлж хориг тавьсан.  Эцэслэж батлаад буруудаж байснаас наана нь алдаагаа засаач гээд хориг  тавьж байна. Процессийн хуулиа  зөрчсөн учраас Үндсэн хуулийн Цэцэд очино. Наана нь засчихвал алдаагүй болно гэсэн.

     Харин УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төслийг  62-ын бүлэг  АН-ын оролцоогүйгээр санаачлаад явсан.Тэрэнд би гарын үсэг зурсан. Сүүлдээ Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шийдвэр гаргах гэж яваад түгжээнд орсон учраас зөвшилцлийн зарчмаар явахыг хатуу баримталсан. Намайг хүсээгүй байхад зөвшилцлийн ажлын хэсэгт оруулсан. Хоёр гурван асуудлаар олонхийн бүлэг дээр оруулахаар болсон. Гишүүдийн тоо 108, бүрэн эрх таван жил, Ашигт малтмалын тухай хуулийн заалт зэргийг ард түмэн дэмжихгүй байна гээд бүлэг дээр унагасан. Надтай хамаагүй. АН-аас болсон болоогүй зөвшилцөх бичиг ирсэн. Би нэг зүйл дээр хатуу зогсож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч, АН-ын оролцоогүй шийдэж болохгүй. Энэ оролцоогүйгээр аль ч засаг, аль ч эрх мэдлийн үед шийдвэрлэх боломжгүй. Улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Гурван сая хүнийг гудамжинд гаргачихгүй байх үүргийг цагдаа, хууль зүйн салбар хариуцдаг юм. Би үүнийгээ ч бодож байна” хэмээн  хэлсэн.

    Үнэхээр ч УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр, хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй Ард нийтийн санал асуулга явуулбал араас нь сунжирсан урт маргаан дэгдэж, санал асуулгад цацсан их мөнгө хайран үрэгдэх эрсдэлтэй учраас УИХ-ын олонхи гишүүд хүлээж авав.

    Мэдээж нэгэнт задарсан төсөлд Үндсэн хуулиар эрх мэдлээ бэхжүүлэх санал санаачлага, ашиг сонирхлууд дахин орж ирнэ. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор АН-аас МАН-тай дахин зөвшилцөх бичиг орж ирсэн гэх бөгөөд уг саналд л гэхэд гурван зүйл  тусгажээ.

    • Нэгд, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох заалтыг Үндсэн хуульд тусгах
    • Хоёрт, Холимог тогтолцоог оруулж ирэх
    • Гуравт, Ерөнхий сайд кабинетийн сайдуудаа өөрөө томилдог байх заалтуудыг төсөлд оруулах гэж санал орж иржээ.

    Хэрвээ эдгээр заалтуудаа тусгачихвал болохгүй ч юм байхгүй. Хэрвээ хоёрдугаар хэлэлцүүлгийг УИХ дахин хийвэл энэ мэтээр шинэ заалтууд орж ирнэ. Тиймээс шинэ заалтуудаа оруулаад УИХ  гуравдугаар хэлэлцүүлгээ хийж,  ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр шууд батлах нэг гарц үлдэж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ