• ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг УИХ дэмжлээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ өдрийн хуралдаанаар

    1.Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал

    2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

    3.Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

    4.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

    5.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

    6.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

    Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Оюутолгой төслийн шалгалтын хүрээнд УИХ-д тогтоолын төсөл боловсруулах Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан тогтоолыг УИХ-аар яаралтай хэлэлцэж асуудлыг нэг талд нь гаргамаар байна. Хоёрдугаарт, УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах гэхээр ирц нь хүрэхгүй хүндрэлтэй байна. УИХ-ын чуулганы хуралдаанд огт ирдэггүй Б.Наранхүү Ёс зүйн дэд хорооны гишүүн. Энэ хүнийг сольж өгөөч гэж чуулганы хуралдааны үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хандаж хэллээ. Үүнээс гадна Ёс зүйн дэд хорооны гишүүдэд Засгийн газрын хэд хэдэн гишүүн бий. Ёс зүйн дэд хорооны бүтэц бүрэлдэхүүний асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс манай дэд хороонд шаардлага хүргүүлсэн. Гэтэл Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогыг шалгахад нэлээд цаг хугацаа орох юм билээ. Тийм учраас Бид уучлахгүй хөдөлгөөнөөс тавьж буй шаардлагуудыг бид хүлээж авах ёстой.

    УИХ-ын дарга Г.Занданшатар: Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлаар өнгөрсөн долоо хоногт чиглэл өгсөн. Ирцээ бүрдүүлж хуралд. Ирэх Мягмар гаригт  Ёс зүйн дэд хороог хуралдуулна.

    Үүгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Яагаад цэргүүд амь насаа алдаад байна вэ. Энэ асуудалд яаж анхаарч байна вэ. Хоёрдугаарт Монгол Улс нэгдмэл тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Хамгийн улстөржилтөөс хол байх ёстой цэргийн мөрдөстэй хүмүүс Цэргийн нэгдсэн холбооны гишүүнээр нэгдэх эрх байдаг юм уу”.

    ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхийлөгч ямар нэгэн эвсэл, холбоонд байхгүй. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу ТББ –ыг байгуулах нь нээлттэй. Цэргээс халагдсан хүмүүс ТББ байгуулж болно. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй учраас  энэ талаар хариулах боломжгүй байна”.

    ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзориг “ТББ-уудын үйл ажиллагаа манай улсын одоогийн мөрдөж буй хууль, эрхзүй хүрээнд явж байгаа. О.Баасанхүү гишүүний асуусанчлан  Цэргийн нэгдсэн холбоо, Засаг дарга нар нэгдсэн холбооны тэргүүн болж байна гэсэн асуултад хариулах боломжгүй байна. Учир нь зарим асуудал нууцын зэрэглэлд ордог учир танд тусгайлан илтгэж болно. Батлан хамгаалах салбарын хуульд эх оронч үзлийг хөгжүүлэх үндсэн чиглэл бий. Залуусыг эх оронч болгон хүмүүжүүлэх чиглэлд бид анхаардаг”.

    ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Нэр дэвшигчээс асуух зүйл алга. Ажлаа сайн хийх байх гэж найдъя. ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан А.Ганбат 10-аад жилийн өмнө хувийн компанид ажиллаж байгаад буцаад ЗХЖШ-ын даргаар томилогдоход нь би ихэд гайхаж байсан. Гэтэл томилогдоод жил ч хүрээгүй атал ажлаа өгөх өргөдөл өгсөн байх юм. Саяхан л томилогдсон. Томилох шийдвэрт нь гарын үсэг зурсан үзгийн  бэх нь хатаж амжаагүй байхад өргөдлөө өгснийг юу гэж үзэх юм бэ. Ер бусын гайхширал төрүүлж байна. Цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг ийм байгууллагын удирдлагаар гадуур явж байсан хүнийг яагаад томилсон юм. Яагаад зэвсэгт хүчний байгууллагаар тоглоод байгаа юм. Цаашид битгий ийм зүйл болоосой”.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өмнөх А.Ганбат гэж генерал дөрвөн хууль зөрчиж томилогдсон. Тийм учраас би Үндсэн хуулийн Цэцэд өгөх гэж байсан. Үүнийг сонсчихоод чөлөөлөгдөх шиг боллоо. Өнөөдрийн Д.Ганзориг генерал цэргийн бүх шатанд ажилласан, бүх зүйлийг туулаад гарсан, цэргийн зовлонгоо мэдэх хүн. Залуу үе батлан хамгаалах салбарыг аваад явах цаг нь ирж байна. Орчин үеийн цэрэг техникийн боловсролыг бусад оронд эзэмшсэн үе ирж байна”.

    УИХ-ын гишүүн А.Ундраа “Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах байр суурийг би дэмждэг. Цэрэг, эх оронч үзлийг ард нийтэд суулгахыг мөн дэмжинэ. Гэтэл нөгөө талдаа мөрдэс зүүсэн хүн ТББ-тай нэгдээд “Эх орон дуудахад нэгдэхэд бэлэн байна” гээд явж байх нь зөв юм уу. Та сая иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй гэж хэлснийг мөрдэс зүүсэн хүн ТББ-тай нэгдэхийг  дэмждэг гэж ойлгох уу. Цэргийн алба хаагчид ТББ байгуулаад аймгуудад салбар зөвлөл байгуулан Засаг даргаар тэргүүлэх нь зүйд нийцэхгүй гэж бодож байна. Иргэний хөдөлгөөн, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудал боловч цэргийн алба хаагч,  мөрдэстэй алба хаагчдад хязгаарлалт байгаа байх гэж бодож байна”.

    УИХын гишүүн Ш.Раднаасэд “Говь-Алтай аймагт барилгын цэргийн анги байгуулах шийдвэр гаргаад таван жил болж байна. ЗХЖШ-ынхан очоод үздэг, судалдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлвэл хэрэгжүүлээд хэрэгжүүлэхгүй бол болохгүй юм байна гээд нэг мөр болгомоор байна. Энэ асуудалд шинэ дарга онцгой анхаараач гэж хэлмээр байна. Хоёрдугаарт цэргүүдийн амь настай холбоотой асуудал. Цэргийн алба хааж байхдаа амиа алддаг. Эцэг эх, ах дүү нар нь эр хүн болоод ир гээд явуулдаг, хүн нь биш зураг нь ирж байна. Хэвлэлээр мэдэгдэж байгаа нь энэ. Мэдэгдэхгүй өнгөрч байгаа нь хэд бол? Хууль зүйн яаманд ажиллаж байхад гэмтэж бэртсэн, амиа алдсан өргөдөл ирдэг байсан. Энэ тал дээр онцгой анхаараарай. Тоолж үзвэл ямар тоо гарах бол. Аавын хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад онцгой анхаараарай. А.Ганбат дарга ямар шалтгаанаар ажлаа өгснийг тодруулж үзмээр байгаа юм. Эрүүл мэнд үү, улс төр үү. Цэргийн алба бол тоглоомын алба биш шүү”.

    ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзориг “Цэргийн алба хаагчид улс төрөөс ангид байх дүрэм, хууль бий.  Таны ярьж буй  “Эх орон дуудахад нэгдэхэд бэлэн байна” гэдгийг сошиалд алба хааж байгаа хүн ингэж бичсэн гэж бодохгүй байна”.

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Ерөнхийлөгчийн зүгээс аравдугаар сарын 1-нд ЗХЖШ-ын даргын томилгоог зөвшилцөх асуудлыг өргөн мэдүүлсэн. Энд А.Ганбат генералыг удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай тул өөрийнх нь өгсөн өргөдлийг үндэслэн чөлөөлсөн гэсэн байсан. Хуулиар ЗХЖШ-ын даргыг чөлөөлөх асуудлыг зэвсэгт хүчний ерөнхий командлагч түүгээрээ шийддэг учраас байнгын хорооны хуралдаан дээр чөлөөлөгдөж байгаа хүнээс асуух боломж гараагүй. Албан бусаар авсан мэдээллээ энд хэлэх боломжгүй байна.

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “О.Баасанхүүгийн яриад байгаа асуудал ноцтой зүйл шүү. Үүнийг төр анхаарах ёстой. Зэвсэгт хүчин гэдэг бол гадаадын түрэмгийллээс эх орноо хамгаалах ийм чиглэлд ажилладаг хүмүүс. Дотоодын асуудал элдэв улс төр цэргийнхэнд хамаагүй.  Генерал хувцас өмсчхөөд фронт гэдгийг байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал шүү. Анхаарах асуудал шүү, нэр дэвшигч ээ. Ямар фронт байгуулж, хэнтэй тэмцэлдэх гээд байна. Генерал цолтой хувцас өмсөөд ингэж явж болох уу. Мөрдэс зүүсэн хүн бүхэнд хамаатай асуудал шүү. Өнөөдөр цагдаагийн генерал байж байгаад маргааш нь фронт байгуулаад явах юм уу. Эрүүл биш үзэгдэл”.

    Ийнхүү гишүүд асуулт асууж дууссаны дараа ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ